Кеннедийн Сансрын нислэгийн төв

Жон Кеннедийн нэрэмжит Сансрын нислэгийн төв (Англи: John Fitzgerald Kennedy Space Center) —АНУ-ын Флорида мужийн Бревард тойргийн Мерритт арал дээр байрладаг NASA-гийн эзэмшлийн сансрын хөөргөлт болон нислэгийн удирдлагын цогцолбор төв байгууламж.
Тус төв нь Майами болон Жексонвил хотуудын дунд, Кейп Канавералын ойролцоо байрладаг. Төв нь 55 км урт, ойролцоогоор 10 км өргөн бөгөөд 567 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг. 2008 оны эхээр тус төвд нийт 13,500 хүн ажиллаж байжээ. Сансрын төв нь мөн жуулчдын төвтэй бөгөөд бусад зүйлсийн дотор сансрын буудлаар автобусаар аялал зохион байгуулдаг юм. Одоогийн байдлаар сансрын буудлын талбайн 9 хувь нь идэвхтэй ашиглагдаж байгаа бөгөөд бусад үлдсэн хэсэг нь зэрлэг ан амьтдын дархан цаазат газар юм.
Кеннедийн Сансрын төв нь 39 дүгээр хөөргөх цогцолбороос бүх "Шаттл" хөлгүүдийг хөөргөсөн бөгөөд ойролцоох Кейп Канавералын Агаарын цэргийн баазын хөөргөх талбайгаас нисгэгчгүй сансрын хөлгүүдийг хөөргөсөн. Тус төвд ойролцоогоор 15,000 иргэний болон гэрээт ажилчинтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сарны хөтөлбөр эхэлснээр Мерритт арлын зэргэлдээх хошуунаас хөөргөх тоо нэмэгдсэн. NASA 1962 онд газар эзэмшиж эхэлсэн бөгөөд шууд худалдан авалтаар 340 хавтгай дөрвөлжин километр, Флорида мужтай хийсэн хэлэлцээрээр нэмэлт 230 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэмшиж авсан. 1962 оны 7-р сард тус газрыг Хөөргөх Төв гэж нэрлэжээ. 1963 оны 11-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди алагдсаны дараа үүнийг Кеннедийн Сансрын нислэгийн төв гэж нэрлэжээ.
Өнөө үе
[засварлах | кодоор засварлах]2011 оны 7-р сар хүртэл Кеннедийн Сансрын төв нь Аполло хөтөлбөрийн дэд бүтцийг байрлуулсан 39-р хөөргөх цогцолборыг дахин ашиглаж, Сансрын шаттлын хөөргөх талбай болж үйлчилж байв. Анхны хөөргөлт нь 1981 оны 4-р сарын 12-нд Колумбын хөлөг байв. Төв нь мөн тойрог замын Шаттлуудын буух талбай бөгөөд 4.6 км урттай нислэгийн зурвастай. Гэсэн хэдий ч Кеннеди төв дээр анхны шаттл газардах ажиллагаа 1984 оны 2-р сарын 11-нд Челленжер STS-41B даалгаврыг биелүүлэх хүртэл болоогүй юм. Үүнээс өмнөх анхны буух газар нь Калифорни дахь Эдвардсын агаарын цэргийн бааз байв. 1988 оны 9-р сар гэхэд 25 нислэг хийгдсэн бөгөөд Челленжер осолдсоны дараа (энэ нь 39B тавцангаас хөөрсөн анхны шаттл байсан) 1986 оны 1-р сарын 28-наас 1988 оны 9-р сарын 29-ний хооронд завсарлагатай байв.
2014 оны 4-р сарын 14-нд NASA болон SpaceX-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, LC-39A хөөргөх тавцанг SpaceX-д 20 жилийн хугацаагаар шилжүүлсэн. LC-39A нь одоогоор Falcon 9 v1.1 болон Falcon Heavy пуужингуудыг байрлуулахын тулд шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд анхны хөөргөлт нь 2018 оны 2-р сарын 6-нд болсон. Dragon V2 багийнхантай сансрын хөлгийг 2019 оны 3-р сарын 2-нд LC-39A-аас хөөргөсөн.