Jump to content

Кимоно

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кимоно өмссөн япон эмэгтэй

Кимоно́ (япон. 着物, кимоно, «хувцас»; япон. 和服, вафуку, «үндэсний хувцас») — Япончуудын уламжлалт хувцас. XIX зууны дунд үеэс японы «үндэсний хувцас» гэж үэх болсон. Үнээс гадна кимоно бол гейша болон майко (ирээдүйн гейша) нарын ажлын хувцас юм. Мөн спортод "кимоно" гэж Жүдо бөхийн өмсгөлийг хэлдэг.

Орчин үеийн япон хэлэнд японы уламжлалт хувцасыг тэмдэглэдэг 3 үг байдаг. Үүнд:

  1. кимоно (着物) — гоёлын хувцас
  2. вафуку (和服) — япон хувцас
  3. гофуку (呉服) — «хятад» хувцас

Тэдний хамгийн эртний хувилбар нь "кимоно" юм. 19-р зууны дунд үеэс Япон үүд хаалгаа нээж баруунжихаас өмнө үед энэ нь ямар ч хувцасыг илэрхийлэхэд нийтлэг үг байжээ. 16-р зууны эхээр Португалийн иезуит номлогчид Европ руу бичиж илгээж байсан тайландаа япончууд хувцасыг "кимоно" гэж нэрлэдэг тухай илтгэж байжээ. Энэ нэр ихэнх гадаад хэл, түүний дотор монгол хэл рүү шилжиж ирсэн юм. Хэдийгээр орчин үеийн Японд "кимоно" нь "хувцас" гэсэн бүх нийтийн ойлголттой боловч Европ, Америкт Японы хувцас гэх ойлголттой холбогдож эхэлсэн байна.

5-р зууны үед хамаарах хамгийн эртний "кимоно" нь Хятадын уламжлалт "Ханьфу" хувцастай тун төстэй байжээ. 8-р зуунд хятадын загвар нь орчин үеийн японы эмэгтэйчүүдийн хувцасны дашуу захыг хэсэг болгосон. Хэйаны эрин үед (794–1192) кимоно нь маш загварлаг болсон ч олон хүн дээр нь "мо" захтай хувцас өмссөн хэвээр байв. Муромачигийн үед (1392-1573) өмнө нь дотуур хувцас гэж тооцогддог кимоно косодыг хакама өмдгүйгээр өмсөж эхэлсэн тул косодэ нь "оби" хэмээх бүстэй болжээ. Эдогийн үед (1603-1867) ханцуй нь уртасч, ялангуяа гэрлээгүй эмэгтэйчүүдэд урт ханцуйтай байв. Оби илүү өргөн болж, бүсийг уях янз бүрийн аргууд гарч ирэв. Энэ үеэс эхлэн кимоногийн хэлбэр үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн байна.

Японы хувцасны салбар дахь хувьсгал нь 19-р зууны хоёрдугаар хагаст Мэйжийн эрины барууншлах шинэчлэлийн үр дүнд бий болсон. Европ хувцасны загвар нь Японы уламжлалт хувцсыг халж эхлэв. Энэ үйл явц 1945 он хүртэл аажмаар, өнгөцхөн байсан бөгөөд зөвхөн нийгмийн эрх баригч ангиудад нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч жирийн япончуудын амьдралын хэв маягийг ардчилах, "америкчлах" нь уламжлалт кимоног өдөр тутмын амьдралаас холдуулсан байна.

Өнөө үед Японы үндэсний хувцасыг зөвхөн баяр ёслол, албан ёсны арга хэмжээний үеэр ашигладаг болсон байна.

Эмэгтэй, эрэгтэй кимононы энгэрийг ялгаагүй баруун тал руугаа харуулж өмсдөг.

Оршуулах ёслол дээр шарилд кимоно өмсүүлэхдээ энгэрийг зүүн тийшээ харуулдаг байна. Учир нь "Хойд насны ертөнц бол бодит ертөнцийн эсрэг" гэж үздэг учраас ийм маягаар тайлбарладаг юм.

Кимоно-гийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]
  1. Давхар энгэр
  2. Үндсэн энгэр
  3. Баруун цээж хэсэг (яп. 右の前身頃 миги но маэмигоро)
  4. Зүүн цээж хэсэг (яп. 左の前身頃 хидари но маэмигоро)
  5. Зүүн арын хэсэг (яп. 左の後身頃 хидари но атомигоро)
  6. Баруун арын хэсэг (яп. 右の後身頃 миги но атомигоро)
  7. Ханцуй (яп. 袖 содэ)
  8. Ханцуйны доод хэсэг (яп. 袂 тамото)
  9. Зүүн оруулалт (яп. 左の衽 хидари но окуми)
  10. Баруун оруулалт (яп. 右の衽 миги но окуми)
  11. «Сэлэмний үзүүр» (яп. 剣先 кэнсаки)


Кимоно нь албан ёсны эсвэл энгийн буюу өдөр тумын гэж байдаг. Эмэгтэйчүүдийн кимоногийн албан ёсны түвшинг өнгөөр тодорхойлдог. Залуу охидууд урт ханцуйтай байдаг нь гэрлээгүй гэдгийг илтгэж, гэрлэсэн эмэгтэйчүүдийн ижил төстэй кимонотой харьцуулахад илүү их гоёл чимэглэлтэй байдаг. Эрэгтэй кимоно нь зөвхөн нэг үндсэн хэлбэртэй бөгөөд ихэвчлэн бараан өнгөтэй байдаг. Кимоногийн албан ёсны байдал нь дагалдах хэрэгслийн төрөл, тоо, даавуу, гэр бүлийн сүлдний тоогоор тодорхойлогддог. Хамгийн албан ёсны кимоно нь таван сүлдтэй. Торгон даавууг илүүд үздэг бол хөвөн, полиэстр материалтай кимоног илүү энгийн гэж үздэг байна.