Jump to content

Кирилл Орловский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кирилл Прокофьевич Орловский Зөвлөлт Холбоот Улсын Аюулгүй байдлын газрын болон Дотоод Хэргийн Ардын Комиссариатын ажилтан, Беларусь дахь партизаны хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн 3-7 дугаар их хурлын депутат.

Тэр 1895 онд Оросын Эзнт Гүрний Могилев мужийн Кировский дүүргийн Мышковичи тосгонд тариачны гэр бүлд төрж, 1915 он хүртэл Мышковичи тосгоны фермд ажиллаж байв. 1914 онд Дэлхийн 1 дүгээр дайн эхлэхэд бага офицер цолтой саперын хорооны командлагчаар оролцсон. Кирилл Орловский 1918 оны 6 дугаар сард Большевик намын Бобруйскийн дүүргийн нууц хорооны тушаалаар Германы цэргүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан партизан отрядыг байгуулжээ. 1918 оны 12 дугаар сараас 1919 оны 4 дүгээр сар хүртэл Бобруйскийн Бүх Оросын хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэх онцгой комисст ажиллан дараа нь командлагчдын курс төгссөн. 1920-1925 онд Улаан армийн тагнуулын газрын "идэвхтэй тагнуул"-ын ажилтнаар Польшийн хэсэг болох Баруун Беларусийн партизан отрядуудыг удирдаж байв. Түүний удирдлаган дор олон арван цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд үүний үр дүнд Польшийн 100 гаруй нударган эсэргүү, газрын эзэд амь үрэгджээ. Мөн Баруун фронтод “цагаан хөдөлгөөний” эсрэг 4 сар, генерал Николай Николаевич Юденичийн цэргүүдтэй 2 сар тулалдаж, Москва хотод команд штабын явган цэргийн 1 дүгээр курст 8 сар суралцжээ. Николай Николаевич Литва дахь бослогыг бэлтгэх нууц ажилд оролцож, Булак-Балаховичийн кампанит ажлын үеэр С.Н.Булак-Балахович, Б.В.Савинков нарын армийг устгасан байна. Тэр 1925-1930 онд Марлевскийн нэрэмжит Барууны үндэсний цөөнхийн коммунист их сургуульд суралцсан ба 1925-1938 онд Улсын аюулгүй байдлын байгууллагад дараа нь Зөвлөлт Социалист Беларусь Улсын Дотоод Хэргийн Ардын Комиссариатад, удалгүй Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Хэргийн Ардын Комиссариатад тус тус ажиллаж байжээ. Кирилл Орловский 1930-1936 онд Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Хэргийн Ардын Комиссариатын Беларусь дахь дайны үед хорлон сүйтгэх, партизаны боловсон хүчнийг сонгон шалгаруулах, сургах тусгай бүлэгт ажилласан. 1936 онд Москва-Ижил мөрний суваг барих ажилд засан хүмүүжүүлэх хорих лагерийн хэсгийн даргаар ажиллаж, 1937-1938 онд Испанийн иргэний дайны үеэр байлдааны даалгавар гүйцэтгэж, фашистуудын фронтын шугамын ард хорлон сүйтгэх, тагнах зэрэг партизаны отрядын командлагчаар тулалдаж байв. Тэрээр 1938 онд эрүүл мэндийн шалтгаанаар улсын аюулгүй байдлын албанаас халагдан 1939-1940 онд Чкаловскийн (Оренбург) Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн асуудал эрхэлсэн проректороор ажиллаж байв.

Дэлхийн хоёрдугаар дайн үе

[засварлах | кодоор засварлах]

Кирилл Орловский 70 гаруй удаа фронтын шугам давж маш нууц байлдааны болон хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан. 1941 онд тэрээр Баруун Хятадад тусгай томилолтоор явж байсан бөгөөд өөрийнх нь хүсэлтээр түүнийг эргүүлэн татаж, Германы түрэмгийлэгчдийн ар тал руу тагнуулын болон хорлон сүйтгэх бүлгийн командлагчаар илгээжээ. 1942 оны 10 дугаар сараас 1943 оны 8 дугаар сар хүртэл тэрээр Барановичи мужид үйл ажиллагаа явуулж байсан “Бүргэдүүд” хэмээх томоохон партизан отрядыг амжилттай удирдаж байв. 1943 оны 02 дугаар сарын 17-18-ны өдөр түүний удирдсан отряд (12 байлдагч) Беларусийн Гаулейтер (амбан захирагч) Вильгельм Кубегийн цуваа руу дайралт хийсэн ба энэхүү дайралтын үр дүнд Гаупткоммиссар Фридрих Фенц, генерал (Обергруппенфюрер) Захариус болон 10 офицер, 30 гаруй алагдсан байна. Харин Кирилл Орловскийн отряд ямар ч хохирол амсаагүй ч тэр өөрөө хүнд шархадсан юм. Түүний баруун гарыг мөрөөр нь, мөн зүүн гарын 4 хурууг мэдээ алдуулагчгүйгээр энгийн гар хөрөөгөөр тайрсан гэдэг. Сонсох чадвараа 50-60 хувь алдсан тул 1943 оны 8 дугаар сард Москвад эргүүлэн татсан юм. Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1943 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №1720 тоот "Беларусийн партизануудад төрийн дээд, одон медаль олгох тухай" зарлигаар Беларусийн “Бүргэдүүд” партизаны хөдөлгөөний командлагч, хошууч Кирилл Прокофьевич Орловскийд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол олгож, Лениний одонгоор шагнажээ. Кирилл Орловский тахир дутуугийн улмаас Улсын аюулгүй байдлын байгууллагад ажиллах боломжгүй болсон тул Иосиф Виссарионович Сталинд хувийн захидал илгээсэн байна. Үүнд:. Эрхэм нөхөр Иосиф Виссарионович Сталин: Улсын аюулгүй байдлын Ардын комиссар нөхөр Всеволод Николаевич Меркулов, 4 дүгээр газрын дарга дэслэгч генерал нөхөр Павел Анатольевич Судоплатов нарын ачаар би санхүүгийн хувьд маш сайн амьдарч байна. Харин Ёс суртахууны хувьд муу байна. Ленин-Сталины нам намайг хайрт эх орныхоо тусын тулд шаргуу ажиллахыг хүмүүжүүлсэн. Миний тахир дутуу болсон (гараа тайруулсан, дүлийрэх) нь өмнөх ажилдаа ажиллах боломжийг олгодоггүй. Би эх орон, Ленин-Сталины намын төлөө бүхнээ зориулав уу? гэсэн асуулт гарч ирнэ. Миний бие ёс суртахууны болон сэтгэл зүйн хувьд тайван, ажилд хэрэг болохуйц хангалттай бие бялдрын хүч, туршлага, мэдлэгтэй гэдэгт гүнээ итгэлтэй байна. Гээд Цаашид захидалдаа тэрээр төрөлх тосгондоо нэгдлийн фермийг удирдах зөвшөөрөл хүссэн байна. Уг захидал нь "маш нууц" гэсэн ангилалд багтжээ. Энэ нь урьдчилж зохион байгуулсан арга хэмжээ биш байсан гэсэн үг юм.

Кирилл Прокофьевич Орловский Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газраас олгосон зааврыг авч, 1945 оны 01 дүгээр сард Могилев мужийн Кировскийн дүүргийн "Рассвет" хамтралын даргаар сонгогдов. Түүний удирдлаган дор "Рассвет" нэгдэл дайны дараах Зөвлөлт Холбоот Улсын анхны саятан нэгдэл болжээ. Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1958 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №8466 тоот зарлигаар Зөвлөлт Холбоот Улсын Баатар, дэд хурандаа, Могилев мужийн Кировскийн дүүргийн "Рассвет" хамтралын дарга Кирилл Прокофьевич Орловскийг Зөвлөлт Холбоот Улсын Социалист Хөдөлмөрийн Баатар цол, Лениний одонгоор шагнасан юм. Тэрээр 1968 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан ба түүний шарилыг Беларусийн Могилев мужийн Кировский дүүргийн Мышковичи тосгонд оршуулсан байна.