Jump to content

Клеменс фон Меттерних

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Клеменс фон Меттерних

Гүн (1813 оноос), Ван Клеменс Венцель Лотар фон Меттерних-Виннебург зу Байльштайн (герман. Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg zu Beilstein; 1773 оны 5-р сарын 15-нд Кобленц хотод төрж, 1859 оны 6-р сарын 11-нд Вена хотод нас барсан) — Меттерних угсааны Австрийн дипломат, 1809—1848 онуудад Гадаад хэргийн сайд, 1814-1815 оны Венийн Конгрессын гол удирдан зохион байгуулагч. Наполеоны аян дайнуудын дараа Европын улс төрийн шинэчлэлийг удирдаж байсан хүн. Маш консерватив үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай. Үнэ цэнтэй дурсамж үлдээсэн дипломатч. 1818 оноос тэрээр Портеллагийн Гүн цол хүртэж байжээ.

Тэрээр 1773 оны 5-р сарын 15-нд Кобленц хотод Меттерних угсааны гүн Франц Георгийн гэр бүлд төржээ. Тэрээр залуу насаа төрөлх хотдоо өнгөрөөсөн. 1788 онд Клеменс Страсбургийн их сургуульд элсэн орсон боловч 1790 онд эцэг нь түүнийг Франкфурт руу II Леопольд хаан ширээнд залах ёслолд оролцуулахаар дууджээ.

Түүний бие даасан амьдралд орсон нь Францын хувьсгалын эхэн үетэй давхцаж, тэр хувьсгалчдыг буруушаасан бодолтой байв. Тэрээр Страсбург дахь бослогын гэрч болсон бөгөөд бослого түүнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Хуулийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж байсан Майнц хотод Францын олон цагаач амьдардаг байв. Тэдэнтэй харилцах нь түүний хэлснээр "хуучин дэг журмын алдааг ойлгох"-од хүргэсэн байна. Үйл явдлын байнгын өөрчлөлт нь түүнд "нийгмийн дэг журмын үндсийг сүйтгэж, үндэстнүүдийг татан оруулсан утгагүй зүйл, гэмт хэргийг" харуулсан гэдэг. Тэрээр Англи, Голландад очсоныхоо дараа Вена хотод суурьшсан бөгөөд Канцлер Кауницын ач охин, өв залгамжлагч гүнж Мариа Элеонора фон Кауниц-Ритбергтэй гэрлэжээ.

Тэрээр анх 1798 онд Вестфалийн төлөөлөгчөөр Растаттын конгресст оролцож дипломат албанд зүтэх болжээ. Дараа нь тэрээр Гүн Иоханн Филипп фон Стадионы Санкт-Петербург, Берлинд хийх дипломат томилолтод дагалдан явжээ. 1801 онд Дресден, 1803 онд Берлинд Австрийн элчээр томилогдов. Энд тэрээр Францын эсрэг шинэ эвслийг бэлтгэж, Пруссийг Австри, Англи, Оросын холбоонд элсүүлэхийг оролдож байсан.

1806 онд тэрээр Наполеоны хувийн хүсэлтээр Парист Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Учир нь Наполеон Лафоретаас түүний тухай хамгийн сайн үг сонсож байжээ.

1809 оны 10-р сарын 8-нд Гадаад хэргийн сайдын албыг хүлээж авсан Меттерних энэ албан тушаалд 38 жил тасралтгүй ажилласан юм. Удалгүй 4 сарын дараа тэрээр Францын Эзэн хааны охин Мари-Луиза, Наполеон нарын хооронд гэрлэлтийн гэрээ байгуулагдахад оролцсон байна. Улмаар Меттернихийн бодлогын зорилго биелж Франц, Оросын найрамдал зогссон байна.

Дресден хотод Меттерних Наполеонтой уулзсан бөгөөд Меттерних Наполеоны хүчийг дарах хүртэл Францтай энх тайван тогтоох боломжгүй гэсэн бодол төржээ. Цэргийн хэлэлцээр дуусахад Австри холбоотнуудтайгаа хамт дайнд орсон юм. 1813 оны 9-р сарын 9-нд Англи, Прусс, Австри, Оросын хооронд эвслийн гэрээ байгуулагдав. 10-р сарын 8-нд Меттерних Баварийн хаантай, дараа нь Наполеоны бусад Германы вассалуудтай гэрээ байгуулжээ.

1814 оны 9-р сард Венийн конгресс Меттернихийн удирдлага дор нээгдэж, Европын газрын зургийг дахин зурж, Австри улс ихээхэн хувь хүртжээ. Герман, Италийн нэгдмэл байдлын талаарх Клеменс фон Меттернихийн дайсагнасан үзэл давамгайлсан юм. Ломбарди болон Венецийн бүс нутаг Австри улсад нэгдсэн бөгөөд Италийн бусад хэсэг жижиг мужуудад хуваагдсан хэвээр үлдэв.

Меттернихийн нэр Австри улсын засгийн газрын тогтолцоотой маш нягт холбоотой байсан тул түүнийг огцорсон тухай анхны мэдээ нь тэр дороо улс төрийн сэтгэл хөдлөлийг намжаасан байна. Өөрт нь үнэнч байсан нарийн бичгийн даргынхаа тусламжтайгаар 3-р сарын 14-ний шөнө хотоос гарч, Лихтенштейн шилтгээнд төрөл төрөгсөдтэйгээ хэд хоног нуугдаж, улмаар Саксоны хилийг давж, Их Британид очиж, дараа нь 1848 оны 10-р сард Бельги рүү явжээ. 1851 онд Меттерних Вена руу буцаж ирээд нийгэм дэх өмнөх өндөр албан тушаалаа авав. Хаанаас огцорсон Фердинандыг орлож байсан эзэн хаан I Франц Иосиф байнга түүнд хандаж зөвлөгөө авдаг байсан ч түүнийг засгийн газарт идэвхтэй оролцохыг урьдаггүй байсан нь туршлагатай Меттернихийг ихээхэн бухимдуулжээ. Крымын дайны үеэр тэрээр олон төсөл бичсэн бөгөөд нас барахаасаа өмнө, 1859 онд дайны эхэн үед тэрээр идэвхтэй ажиллаж байв. Тэрээр 86 насандаа 1859 онйы 6-р сарын 11-нд Вена хотод нас барсан юм.