Колумб

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
República de Colombia
Колумбын Бүгд Найрамдах Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Oh, Gloria Inmarcesible!
Төрийн дуулал
Libertad y Orden
"Эрх чөлөө, дэг журам"
Байршил
Нийслэл Богота Left
Албан ёсны хэл(нүүд) Испани хэл
Засаглал Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Улс
- Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос
- Дэд ерөнхийлөгч Ангелино Гарсон
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Испаниас тусгаар тогтносноо зарласан 1810 оны 7 сарын 20
- Хүлээн зөвшөөрөгдсөн 1819 оны 8 сарын 7
Газар нутаг
- Нийт 1,141,748 км² (26-д)
- Ус (%) 8.8
Хүн ам
- 2009 оны 1 сар оны тооцоо 44,760,630 (29-д)
- 2005 оны тооллого 42,888,592
- Нягтшил 40/км² (168-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $378.624 тэрбум[1] (28-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $7,968[1] (82-д)
ХХИ (2008 он) 0.787 (80-д) – дунд зэрэг
Мөнгөн тэмдэгт Песо (COP)
Цагийн бүс UTC-5
Улсын домэйн нэр .co
Утасны код +57

Колумб (исп. Colombia), албан ёсоор Колумбын Бүгд Найрамдах Улс (исп. República de Colombia), нь Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших улс юм. Зүүн талаараа Венесуэл[2], Бразил;[3], өмнө талаараа Эквадор, Перу;[4], баруун хойд талаараа Панам улсуудтай хиллэх бөгөөд хойд талд нь Карибын тэнгис, баруун талд нь Номхон далай оршино. Мөн тус улс нь усан хилээр Ямайка, Гайти, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Гондурас, Никарагуа болон Коста-Рика улсуудтай хиллэдэг байна[5][6]. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 26-д, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Перугийн дараа 4-т орно. Мөн испани хэлээр ярилцагч хүн амынхаа тоогоор дэлхийд Мексик, Испанийн дараа ордог томоохон улс болно.

Одоогийн Колумб улсын газар нутагт эрт цагт Муйска, Куймбаяа, Тайрона зэрэг индианы овог аймгууд оршин суудаг байв. Испаничууд 1499 онд хөл тавьснаар тэдний колоничлолын үе эхэлж, одоогийн Колумб, Венесуэл, Эквадор, Панамын газар нутгийг нэгтгэсэн Шинэ Гранадагийн колонийн төв нь Богота болж байлаа[7]. Шинэ Гранада 1819 онд Испаниас тусгаар тогтносон ч шинээр байгуулагдсан "Их Колумб" улс 1830 онд задарч, Венесуэл, Эквадор улсууд өрх тусгаарлажээ. Тэр үед одоогийн Колумб, Панам улсууд Шинэ Гранадагийн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан байна. Шинэ улс маань 1858 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Холбооны улс болж Гранадины Холбоо, мөн 1863 онд Колумбын Нэгдсэн Улс гэдэг нэртэй оршин тогтнож байгаад эцэстээ 1886 онд Колумбын Бүгд Найрамдах Улс болсон байна[8]. Панам улс 1903 онд Колумбаас салжээ.

Колумб нь үндсэн хуульт засгийн газрын урт удаан уламжлалтай бөгөөд 1848, 1849 онд тус тус байгуулагдсан Колумбын Либерал Нам, Колумбын Консерватив Намууд нь Өмнөд Америк дахь одоо байгаа хамгийн эртний улс төрийн намууд болно. Гэвч тэдгээр нам нь хоорондоо хүч хэрэглэх байдлаар тэмцэлдэж ирсэн бөгөөд Мянган өдрийн дайн (1899-1902) болон 1948 онд эхэлсэн хүчирхийлэл зэргийг дурьдаж болно. 1960-аад оноос засгийн газрын цэргүүд, зүүн жигүүрийн босогчид болон баруун жигүүрийн хагас цэрэгжсэн байгууллагуудын хооронд тус тивд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн явагдсаар байгаа. Хууль бус кокайны наймаагаар цэнэглэгдсэн талуудын мөргөлдөөн 1990-ээд онд улам идэвхжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд босогчид зэр зэвсгээр хомсдож эхэлсэн, эсвэл засгийн газрыг түлхэн унагахыг ард түмэн дэмжихээ больсон зэргээс хүчирхийлэл багасч буй. Засгийн газартай хийсэн энхтайвны хэлэлцээрүүдийн үр дүнд олон хагас цэрэгжсэн байгууллагууд зэвсгээ хураалгаж, босогчид олон газарт хяналтаа алдсаар байгаа юм[8]. Колумб нь хүн амины хэрэг гаралтын хувиар олон жилийн турш дэлхийд тэргүүлж байсан ч 2002 оноос эхлэн бараг 2 дахин буураад байгаа[9].

Колумб нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай. Уугуул оршин суугчид, Испаний колоничлогчид, Африкаас авчирсан боолуудын үр удам болон 20-р зуунд Европ, Ойрхи Дорнодоос шилжин суурьшигчид нь тус улсыг соёлын баялаг өвтэй болгосон билээ. Энэ нь мөн Колумбын газарзүйн онцлог байдлаас ч шалтгаалсан. Хүн ам төвлөрсөн суурин газруудын ихэнх нь Андын нурууны өндөрлөг газруудад байдаг, мөн Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог юм.

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Колумб. Олон Улсын Валютын Сан. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  2. Gerhar Sandner, Beate Ratter, Wolf Dietrich Sahr and Karsten Horsx (1993). Conflictos Territoriales en el Mar Caribe: El conflicto fronterizo en el Golfo de Venezuela (Испани хэл). Biblioteca Luis Angel Arango. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  3. The Geographer Office of the Geographer Bureau of Intelligence and Research (1985-04-15). Brazil-Colombia boundary (Англи хэл) (PDF). International Boundary Study. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  4. CIA (2007-12-13). Ecuador. World Fact Book. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  5. Tratados Internacionales limítrofes de Colombia
  6. Colombia - Limites territoriales
  7. Nicolás del Castillo Mathieu (March 1992). LA PRIMERA VISION DE LAS COSTAS COLOMBIANAS, Repaso de Historia (Испани хэл). Revista Credencial. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  8. 8.0 8.1 CIA world fact book (2009-01-22). Colombia. CIA. 2009 оны 3 сарын 13-д хандсан.
  9. http://www.unodc.org/pdf/Colombia_Dec06_en.pdf