Jump to content

Конрад Лоренц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Конрад Захариас Лоренц (Герман: Konrad Zacharias Lorenz; 1903 оны 11-р сарын 7-нд Вена хотод төрсөн — 1989 оны 2-р сарын 27-нд Венад нас барсан) — Австрийн амьтан судлаач, амьтны сэтгэл судлаач, шинжлэх ухаан дэлгэрүүлэгч. Мөн амьтны зан үйлийн шинжлэх ухаан болох этологийг үндэслэгчдийн нэг бөгөөд физиологи буюу анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал (1973 онд Карл фон Фриш, Николаус Тинберген нартай хамтран) хүртсэн юм.

Конрад Лоренц 1903 оны 11-р сарын 7-нд Австрийн Венад 50 настай гэмтлийн эмч Адольф Лоренц, 41 настай эх нарын хожуу төрсөн хүүхэд ажээ.

Тэрээр Вена хотын ойролцоох Алтенберг хотод эцэг эхийнхээ гэрт өсөн хүмүүжсэн байна. 1909 онд тэрээр бага сургуульд орж, 1915 онд Вена хотын Шотландын гимназид элсэж, 1921 онд онц дүнтэй төгссөн. Тэрээр Австрийн философич Карл Поппертой багаасаа найзалсан юм.

Венийн Их Сургуулийн Анагаах ухааны факультетыг төгссөний дараа тэрээр анагаах ухааны зэрэг хамгаалсан боловч анагаах ухааны чиглэлээр ажиллаагүй бөгөөд амьтдын зан үйлийг судлахад өөрийгөө зориулсан юм. 1920-иод онд тэрээр Англид нэрт биологич, философич Жулиан Хакслигийн удирдлага дор дадлага хийж, дараа нь Австри улсад бие даан судалгаа хийж эхэлжээ.

Германд нацистууд засгийн эрхэнд гарч ирсний дараа болон 1938 онд Аншлус буюу Австрийг Германд нэгтгэсэний дараа тэрээр Германы Үндэсний Социалист Ажилчны Намд элссэн.

1940 онд тэрээр Кёнигсбергийн Их Сургуулийн профессор болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр түүнийг Вермахтын цэрэгт татсанаар, Познань дахь арын эмнэлэгт хоёр жил алба хаасан. 1941 оны 10-р сарын 10-нд түүнийг 206-р явган цэргийн дивизийн 2-р эмнэлгийн ротын бүрэлдэхүүнд Дорнод фронт руу илгээжээ. Хэдэн жилийн турш тулалдаад 1944 оны 6-р сарын 20-нд Германы армийн ухарч байх үеэр Витебск хотын ойролцоо Зөвлөлтийн Улаан армийн цэргүүд түүнийг олзолжээ. Киров хот дахь дайны олзлогдогсдын хуаранд 1 жил гаруй болсны 1946 оны 3-р сарын 2-нд Армени дахь хөдөлмөрийн хуаран руу шилжжээ. Улмаар 1947 онд түүнийг Москва хотын ойролцоох Красногорск дахь хуаран руу шилжүүлж, 1947 оны 12-р сард эх оронд нь буцаасан байна. Олзлогдож байхдаа тэрээр нацист итгэл үнэмшлээсээ татгалзсан "Толины нөгөө тал" ном дээр ажиллаж эхэлсэн. 1948 оны эхээр тэрээр гар бичмэлүүдээ аваад Австри руугаа иржээ. Тэрээр Венад 1989 онд нас барах хүртлээ шинжлэх ухаанд ажил амьдарлаа зориулсан юм.

Конрад Лоренц шинжлэх ухааны судалгаанаас гадна шинжлэх ухаан түгээн дэлгэрүүлэгч байсан. Түүний номууд өнөөдөр ч өргөн тархсан хэвээр байгаа юм.

Шинжлэх ухааны гол үр дүн ба үзэл бодол

[засварлах | кодоор засварлах]

Шинжлэх ухааны үзэл бодлынхоо хувьд Конрад Лоренц бол тууштай хувьслын онолч, байгалийн шалгарлын онолыг дэмжигч байв. Олон төрлийн амьтны зан үйлийг шинжилсний дараа Лоренц "түрэмгийлэл, уур хилэн" нь зүгээр л гадны өдөөлтөд үзүүлэх хариу үйлдэл биш гэсэн алдарт Зигмунд Фройдын дүгнэлтийг баталсан. Хэрэв эдгээр өдөөлтийг арилгавал түрэмгийлэл хуримтлагдаж, өдөөлтийг өдөөх босго тэг болж буурч болно. Хүмүүст тохиолддог энэ нөхцөл байдлын жишээ бол жижиг, тусгаарлагдсан орчинд бүлэг хүмүүст тохиолддог "экспедицийн уур хилэн" бөгөөд заримдаа жижиг шалтгаанаар хамгийн сайн найзыгаа хүртэл хөнөөхөд хүргэдэг гэж үздэг.

Хэрэв түрэмгийлэл нь гадны өдөөлтөөс үүдэлтэй байвал энэ нь өдөөгч рүү чиглээгүй (жишээлбэл, шатлалын дээд түвшний хувь хүн), харин шатлалын доод түвшний хувь хүмүүс эсвэл амьгүй объектууд руу чиглэнэ гэж үзсэн.