Константин Куксин
Константин Куксин (орос. Константин Валерьевич Куксин, 1977 оны 12-р сарын 3-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн — 2024 оны 6-р сарын 18-нд Москвад нас барсан) — Оросын угсаатан судлаач, аялагч, зохиолч, Москва хотод «Нүүдэлчдийн соёлын музей» (орос. Музей кочевой культуры) үүсгэн байгуулагч. Москва хотын зохиолчдын эвлэлийн гишүүн. Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн. «Монголын Анд нөхөд нийгэмлэг»-ийн (Общество друзей Монголии) удирдах зөвлөлийн гишүүн, "Гурван эрдэнэс" Буддын шашны олон нийтийн байгууллагын гишүүн. Оросын "Россия" радио станцын "Нүүдэлчид" нэвтрүүлгийн хөтлөгч, удирдах зөвлөлийн гишүүн. Москва хотын 1321 дүгээр "Ковчег" сургуулийн багш-зохион байгуулагч, газар зүйн багш.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Константин Куксин 1977 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод сэтгүүлч В.К.Куксин, инженер-зохион бүтээгч Э.В.Ивлиева нарын хүү болон төрсөн. Тэрээр 1994 онд Карл Фабержегийн нэрэмжит Урлагийн Сургуулийг (одоогийн Карл Фабержегийн Чимэглэлийн болон Хэрэглээний Урлагийн Коллеж) онц дүнтэй төгссөн. Константин дараа нь Богородскийн теологийн буюу шашны семинарт суралцсан. Улмаар Шолоховын нэрэмжит Москвагийн Хүмүүнлэгийн Ухааны Улсын Их Сургуулийн Газар зүйн тэнхимд элсэн орж, 2004 онд төгссөн байна.
2002 онд 24 настайдаа Константин Куксин Байгал нуураас Хятадын Шар тэнгис хүртэл дугуйгаар аялж, Говь цөлийг бүрэн бие дааж туулсан юм.
Константин Кускин: "Энэ бол Байгал нуураас Хятадын Шар тэнгис хүртэл дугуйн аялал байсан. Зорилго нь зүгээр л өөрийнхөө хүч чадлаа сорих байсан юм. Гэхдээ Монголоор аялахдаа би соёл, монгол зочломтгой зан, хүмүүст дурласан. Гэртээ буцаж ирээд би өөрийн туршлагын талаар хүн бүрд ярьж эхэлсэн. Хэн ч надад итгэсэнгүй, учир нь монголчуудыг харгис зэрлэгүүд гэж үздэг байсан юм. Энэ нь миний өөрийн нүдээр харсан зүйлтэй маш зөрчилдсөн тул дараа жил нь би Монгол руу буцаж очоод, гэр авчирч, сургуулийнхаа хашаанд барьж, Нүүдэлчдийн соёлын музей гэж нэрлэсэн юм" гэж дурссан байна.
2019 онд К.Куксин уушгины хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд тэрээр бараг 5 жилийн турш уушгины хорт хавдартай тэмцсэн боловч 2024 оны 6-р сард нас баржээ. Тэрээр 3-22 насны 3 хүүхдээ ардаа орхисон байна.
Түүнийг нас барсны дараа 2024 оны 9-р сараас хойш түүний үүсгэн байгуулсан музейд жинхэнэ монгол гэр, майхан, төвөд асар болон бусад туслах байгууламж зэрэг 30 гаруй үзмэр дэлгээстэй байна. Үндсэн музей үзэхээс гадна музейн ажилтнууд гар урлалын мастер анги явуулдаг байна. Мөн музейн ажилтнууд урилгаар ирсэн зочдод сэдэвчилсэн лекцүүдийг үе үе зохион байгуулдаг. Музейд ганцаарчилсан айлчлал хийдэггүй 25 хүртэлх хүний бүлгүүдийг захиалгаар хүлээн авдаг ажээ.