Jump to content

Константин Родзаевский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Константин Родзаевский, 1934 он

Константин Родзаевский (орос. Константи́н Влади́мирович Родзае́вский, 1907 оны 8-р сарын 11-нд Благовещенск хотод төрсөн- 1946 оны 8-р сарын 30-нд ЗХУ-ын Москва хотод будуулж хороогдсон) - Манжуурторосын цагаачдын үүсгэн байгуулсан Бүх Оросын Фашист Намын (ОФН) удирдагч байсан. Оросын фашизмыг үндэслэгч, Манжуур дахь Оросын цагаачдын удирдагчдын нэг.

Бүх Оросын фашист нам бол Оросын Алс Дорнодод байгуулагдсан Оросын цагаачдын хамгийн том байгууллага юм. Тус байгууллага нь 1920-иод онд үүссэн бөгөөд 1931 оны 5-р сард Оросын Фашист Нам (ОФН) нэртэйгээр албан ёсоор байгуулагдаж байжээ.

1943 оны 7-р сард намыг хориглох хүртэл К.Родзаевский удирдагч хэвээр байв. Япончууд Манжуурыг эзлэх үед Манжийн эзэнт гүрэн дэх Оросын цагаачдыг хариуцсан товчоонд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 1945 оны 10-р сарын сүүлчээр тэрээр сайн дураараа ЗХУ-д буцаж ирсэн даруйд баривчлагдаж, жилийн дараа ял авч, цаазаар авахуулсан байна.

Константин Родзаевский 1907 оны 8-р сарын 11-нд Оросын Благовещенск хотод төржээ. Түүний эцэг Владимир Иванович хууль зүйн дээд боловсролтой (Тэрээр 1898 онд Киевийн их сургуулийн хуулийн факультетэд суралцаж төгссөн) нотариатчаар ажиллаж байжээ. Эх Надежда Михайловна бүх амьдралаа хүүхдүүдээ - Константин, түүний дүү Владимир, эгч Надежда, дүү Нина нарыг өсгөн хүмүүжүүлэхэд зориулжээ. Эцэг эх хоёр нь 1904 оны 7-р сарын 14-нд гэрлэжээ.

Константин дунд сургууль төгссөн бөгөөд энэ үеэр Зөвлөлтийн залуучуудын байгууллага "Комсомол"-ын гишүүн болсон байна.

Тэрээр 1925 онд гэр бүлийнэхдээ дуулгалгүй гэнэт ЗХУ-аас Манжуур руу зугтан дүрвэн гарчээ. 1926 онд эх Надежда нь хүү Константиныг Харбин хотод байгааг мэдээд Зөвлөлтийн эрх баригчдаас гарах виз аваад түүн дээр очиж, гэртээ харихыг гуйсан боловч хүү нь хатуу байр суурьтай байсан тул эх нь ганцаараа буцаж ирсэн байна. 1928 онд Родзаевскийн эцэг, дүү нар мөн Харбин руу дүрвэсэний дараа нь эх Надежда Михайловна болон охид Надежда, Нина нарыг Зөвлөлтийн ОГПУ баривчилжээ.

Харбин хотод Константин Родзаевский хуулийн факультетэд элсэн ороод түүний улс төрийн үзэл бодолд ихээхэн нөлөө үзүүлсэн үндсэрхэг үзэлтэн, антикоммунист Георгий Гинс, Николай Никифоров нартай танилцсан байна. Тэрээр Оросын Фашист Байгууллагад элсэж, дараа нь Оросын Фашист намыг байгуулан тэргүүлжээ.

Японд эзлэгдсэн Манжуурын нутаг дэвсгэрт Манж-Го (Хятадаар: 大滿洲帝國 ) хэмээх хүүхэлдэй улс оршин тогтнох үед түүнийг Японы хамгаалалт дор, Манжуур дахь Орос цагаачдын хэрэг эрхлэх товчоонд Соёл, боловсролын 2-р хэлтсийн даргаар томилжээ.

1945 оны 8-р сарын 13-нд Зөвлөлтийн цэргүүд Манж-Гог эзэлсэн нь тодорхой болсон тул Родзаевский Харбиныг орхин Шанхай руу нүүжээ. К.Родзаевский энэ үеэр хайртай гэр бүлээ маш их санан ярьж байсан гэдэг юм. Дайны төгсгөлд Родзаевский ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссарын газартай эх орондоо буцаж очих талаар хэлэлцээ хийжээ. Үүний хариуд Родзаевский халдашгүй эрх авч, сэтгүүлч сурталчлагчийн шинэ, сонирхолтой ажил хийлгэх амлалт авсан байна.

Константин Родзаевский 1945 оны 10-р сарын 25-нд Улаан армийн дэслэгч цолтой баримт бичигтэй ЗХУ руу ниссэн юм. ЗХУ-д ороход түүнийг баривчилж, Москва руу хүргэсэн байна.

Родзаевскийн хэргийг Григорий Семенов, генерал Лев Власьевский, генерал Алексей Бакшеев, Иван Михайлов, Лев Охотин, гүн Николай Ухтомский, Борис Шепунов зэрэг цагаан хөдөлгөөнийхөнтэй хамтруулан нэг хэрэг болгосон шүүсэн байна. 1946 оны 8-р сарын 26-нд эхэлсэн шүүх хурлын талаар Зөвлөлтийн хэвлэлүүд өргөнөөр мэдээлж байв. Үүнийг ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөлийн дарга Василий Ульрих нээж үг хэлэв. Родзаевскийн өмгөөлөгчөөр Н.П.Белов ажилласан юм. Шүүгдэгчдийг Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 6 зүйл ангиар буруутгасан бөгөөд бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 1946 оны 8-р сарын 30-ны өглөө шүүхийн шийдвэрээр Константин Родзаевскийд цаазаар авах ял оноож, тэр өдөртөө шийдвэрийг гүйцэтгэсэн байна.