Кофены буурцаг

Кофены буурцаг нь кофены модны үр ба, кофены эх үүсвэр юм. Энэ нь улаан эсвэл нил ягаан жимсний доторх үр юм. Энэ жимсийг ихэвчлэн кофены интоор гэж нэрлэдэг бөгөөд интоор шиг том үртэй жимс байдаг билээ. Кофены буурцаг нь хэдийгээр яг буурцаг биш ч гэлээ төстэй учраас буурцаг хэмээн нэрлэгддэг. Интоорын багахан хувь нь "peaberry" гэж нэрлэгддэг ганц үрийг агуулдаг ба энэ нь нийт кофены буурцгийн 10-15 хувийг л эзэлдэг. Peaberry нь ердийн кофены буурцгаас илүү амттай байдаг гэсэн нийтлэг итгэл үнэмшил байдаг. Бразил самар, цагаан будаатай адил кофены буурцаг нь ихэвчлэн эндоспермээс бүрддэг.


Кофены ургамлын эдийн засгийн хувьд хамгийн чухал хоёр сорт бол Арабика ба Робуста; Дэлхий даяар үйлдвэрлэсэн кофены ойролцоогоор 60% нь Арабика, ~40% нь Робуста. Арабика буурцаг нь 0.8-1.4% кофейн, Робуста буурцаг нь 1.7-4.0% кофейн агуулдаг. Кофе нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг ундааны нэг учраас кофены буурцаг нь зарим хөгжиж буй орнуудын гадаад валютын орлогын 50 гаруй хувийг бүрдүүлдэг томоохон бэлэн мөнгө, экспортын чухал бүтээгдэхүүн юм. 2017 онд нийт кофены үйлдвэрлэлийн 70%-ийг экспортолсон нь 19.9 тэрбум ам доллар хүржээ. Дэлхийн кофены үйлдвэрлэл асар том бөгөөд 2023 оны байдлаар 495.50 тэрбум ам доллараар үнэлэгдсэн бөгөөд кофе, кофены буурцгийн хамгийн том үйлдвэрлэгч нь Бразил юм. Кофены буурцгийн бусад гол экспортлогчидод Колумби, Вьетнам, Этиоп зэрэг улсууд орно.