Краковын кино наадам

Краковын кино наадам (польш. Krakowski Festiwal Filmowy, KFF; хуучнаар: Үндэсний богино хэмжээний кино наадам, мөн Олон улсын богино хэмжээний кино наадам) – Польшийн Краков хотод зохион байгуулагддаг богино хэмжээний, баримтат болон хүүхэлдэйн кино шалгаруулдаг ууган кино наадам юм. Жил бүрийн 5, 6-р сарын зааг дээр болдог бөгөөд Европын энэ төрлийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болж ирсэн онцлогтой.
Энэхүү Кино наадам 8 хоног үргэлжлэх бөгөөд үзэгчид Польш, Европ гаралтай 200 орчим киног үзэх боломжтой байдаг ажээ. Кинонуудыг ретроспектив, сэдэвчилсэн цикл, архивын үзүүлбэр зэрэг номинаци болон тусгай бүлгүүдээр хувааж ангилдаг. Наадмын үеэр үзэсгэлэн, концерт, задгай шоу, кино найруулагч, уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулдаг ажээ. Жил бүр Краковын кино наадамд 1000 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлчид, кино наадмын зохион байгуулагчид, олон үзэгч, зочдыг хүлээн авдаг юм.
Краковын кино наадам нь Польш улсад 1961 оноос хойш жил бүр үндэсний богино хэмжээний киноны уралдаан хэлбэрээр зохион байгуулагдаж байгаад 3 жилийн дараагаас олон улсын хэмжээнд зохиогдох болсон.
Зохион байгуулагч
[засварлах | кодоор засварлах]Краковын кино наадмыг "Краковын киноны сан" (польш. Krakowska Fundacja Filmowa) зохион байгуулдаг.
Краковын киноны сан- 2003 онд Аполло кино хүрээлэнгээс Кшиштоф Гиератын санаачилгаар Краковын кино наадам болон кино урлагтай холбоотой бусад арга хэмжээг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан. Кино наадмыг зохион байгуулахаас гадна тус сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдэд: Польшийн киног дотоод болон гадаадад сурталчлах; урлагийн өндөр үнэ цэнэтэй дэлгэцийн бүтээлийг дэмжих, Польшийн киноны уран бүтээлчдийн мэргэжлийн болон уран сайхны хөгжлийг хянах, орчин үеийн киноны соёлын талаар уулзалт хийх, туршлага солилцох, хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлэх тусгай үзүүлбэр, шоу, семинар, семинар, хэлэлцүүлэг болон бусад арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- Алтан эвэр – олон улсын баримтат киноны уралдааны шилдэг киноны найруулагч.
- Мөнгөн эвэр – шилдэг дунд хэмжээний баримтат киноны найруулагч, шилдэг бүрэн хэмжээний баримтат киноны найруулагч.
- Алтан луу – олон улсын богино хэмжээний кино уралдааны шилдэг киноны найруулагч.
- Мөнгөн луу – шилдэг баримтат киноны найруулагч, шилдэг хүүхэлдэйн киноны найруулагч, шилдэг уран сайхны киноны найруулагч.
- Алтан Лайконик (Лайконик гэж Краков хотын нэгэн бэлэг тэмдэг бөгөөд морь унасан монгол жанжинг дүрсэлдэг байна) – Польшийн уралдааны шилдэг киноны найруулагч.
- Мөнгөн Лайконик – шилдэг баримтат киноны найруулагч, шилдэг хүүхэлдэйн киноны найруулагч, шилдэг богино хэмжээний уран сайхны киноны найруулагч.
- Golden Hejnał – DocFilmMusic хөгжмийн баримтат киноны уралдааны шилдэг киноны найруулагч.
- Луунуудын луу – насан туршийн амжилтад зориулсан хувийн тусгай шагнал (1998 оноос хойш олгодог).