Крисстэнлиит
Крисстэнлиит (Англи: Chrysstanleyite, Ag₂Pd₃Se₄) нь селенидийн бүлгийн эрдэс бөгөөд давсжилт ихтэй, хүчиллэг гидротермал уусмалаас бага температурт талсжин үүсдэг. Крисстэнлиит нь жагуэит (Cu₂Pd₃Se₄)-тай хатуу уусмалын цуваа үүсгэдэг бөгөөд эдгээр хоёр эрдэс нь өөр хаана ч илрээгүй, өвөрмөц талст бүтэцтэй гэдгээрээ онцлог юм. Крисстэнлиит болон жагуэйт нь сульфидын аналоггүй гэдгээрээ онцгойрч селенидийн бүлгийн бусад эрдсүүдээс ялгардаг. (Топа ба бусад. 2006)
Крисстэнлиитыг анх Вернер Паар Английн Девон гүнлигийн Торквейн Хоупс Нөүз орчмоос ирүүлсэн дээжийг судлах явцдаа тодорхойлсон байна. Үүнээс хойш уг эрдэс Баруун Австралийн Пилбара бүс нутаг, мөн Аргентины Ла Риоха мужийн Эль Чире ордоос тус тус илэрсэн. Энэхүү эрдсийг Лондон хот дахь Байгалийн түүхийн музейн Эрдэс судлалын хэлтсийн дэд дарга, хамтран хадгалалт хариуцагч байсан Крис Стэнлийн нэрээр нэрлэжээ.
Илэрц
[засварлах | кодоор засварлах]Крисстэнлиит нь шохойн чулууг огтлон гарсан кальцитын судлуудын дотор болон дагуу байрлах селенидийн орц хэлбэрээр оршдог (Паар болон бусад. 2004). Крисстэнлиитийг анх илрүүлсэн Хоупс Нөүз дэх кальцит судлын доор 10 см-ийн гүнд байрлах селенид судал нь эрдсийн сайн тодорхойлогдсон бүсчилсэн дарааллыг тусгасан байв. Дарааллын дээд хэсэгт бага хэмжээний мөнгөтэй хамт орших байгалийн алт, дунд хэсэгт паллади агуулсан алт, харин доод хэсэгт голчлон фишессеритээс тогтсон селенидийн эрдэсжилт давамгайлж байв.