Кубын Коммунист нам
Кубын Коммунист Нам (испани. Partido Comunista de Cuba, PCC) нь 1925 онд анх байгуулагдаж, 1965 оны 10-р сарын 3-нд дахин сэргээн байгуулагдсан Кубын зүүний үзэлтэй улс төрийн нам юм. Энэ нам нь Кубад эрх баригч бөгөөд цорын ганц хууль ёсны нам юм.

Энэ нам 1925 оны 8-р сард Хавана хотод Кубын Коммунист Нам (испани. Partido Comunista Cubano) нэртэйгээр байгуулагдсан. Намын үүсгэн байгуулагчид нь Карлос Балиньо, Хулио Антонио Мелла, Хосе Мигель Перес нар байв. 1926 онд ККН-ыг хууль бус гэж үзээд хаасан тул 1938 оны 9-р сар хүртэл нууц байдалд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Улс оронд ардчилсан хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа энэ үед далд байдлаас гарч ирсэн ККН нь 1939 онд Үндсэн хуулийн чуулганы сонгуульд оролцож, зургаан суудал авсан. Коммунист депутатууд Дэвшилтэт Үндсэн хуулийг (1940) боловсруулж, батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр жилдээ ККН болон Хувьсгалт Холбоо нэгдэн орсны дараа Хувьсгалт Коммунист Холбоо гэж нэрлэгдэж, Блас Рока ерөнхий нарийн бичгийн дарга, Хуан Маринелло ерөнхийлөгч болжээ. Нам анх Жерардо Мачадо, Фульхенсио Батиста нарыг дэмжиж байжээ. Коммунист удирдагч Карлос Рафаэль Родригес 1940 онд Батистагийн засгийн газарт яамгүй сайдаар ажилласан байна. 1944 оны 1-р сард тус намыг Кубын Ардын Социалист Нам (КАСН) болгон өөрчилсөн.
1952 онд төрийн эргэлт хийж, Фульхенсио Батиста дарангуйллын дэглэм тогтоосны дараа КАСН түүнийг эсэргүүцсэн тул 1953 оны 11-р сард тус намын үйл ажиллагааг хориглосон байна. Хэдийгээр Фидель Кастрогийн босогчдыг эхнээс нь дэмжээгүй ч 1958 онд КАСН тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
1961 онд КАСН нь "7-р сарын 26-ны Хөдөлгөөн" болон "3-р сарын 13-ны Хувьсгалт Захиргаа"-тай нэгдэж, Нэгдсэн Хувьсгалт Байгууллагуудыг (испани. Organizaciones Revolucionarias Integradas) байгуулсан бөгөөд энэ нь 1962-63 онд Кубын Социалист Хувьсгалын Нэгдсэн Нам (испани: Partido Unido de la Revolución Socialista de Cuba) болж өөрчлөгдсөн бөгөөд 1965 оны 10-р сард Кубын Коммунист Нам гэж албан ёсоор нэрлэх болсон.
Кубын Коммунист Намын анхдугаар Их хурал 1975 онд, дараагийн их хурал 1980, 1986, 1991, 1997, 2011, 2016, 2021 ондуудад болсон байна.
Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 50 жил Фидель Кастро, дараа нь 15 жил Раул Кастро, 2021 оноос Мигель Диас-Канель нар ажилласан байна.