Кугүрё

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Кугурё улс» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Кугүрё
вант улс
НТӨ 37 он—НТ 668 он
Кугүрёгийн газар нутаг их тэлсэн 476 он
Нийслэл Чулбунь (НТӨ 37 – НТ 3)
Күннэ (3–427)
Пёнъян (427–668)
Хэл бичиг кугүрё хэл
(өвөг солонгос хэл)
Шашин будда, бомбо,
күнз, бөө
Төр засаг хаант засаг
Улсын ван
 •  НТӨ 37–19 он Тунмён
 •  391–413 он Куангэту
 •  413–491 он Чансү
 •  642–668 он Пужан
Түүх
 •  НТӨ 37 он үүсэн байгуулагдсан
 •  372 он Буддын шашин дэлгэрсэн
 •  391–413 он Куангэту вангийн аян дайн
 •  598–614 он Сүй улстай дайтсан
 •  645–668 он Тан улстай дайтсан
 •  НТ 668 он эзлэгдэн мөхсөн
Хүн ам
 •  7-р зуун 1,102,900 хүн 
 •  7-р зуун 690,000 өрх 
Өмнөх
Дараах
Пүё
Бохай
Шилла
Өнөөгийн
улс орон
Flag of Russia.svg Орос
Flag of South Korea.svg Өмнө Солонгос
Flag of North Korea.svg Умар Солонгос
Flag of the People's Republic of China.svg Хятад

Кугүрё — МЭӨ 37-НТ 668 онд Солонгос, Манжуурт оршин тогтнож байсан, өвөг солонгос улс байв.

Кугүрё нь Солонгосын хойгийн умард хэсэг, Манжуурын өмнөд хэсэгт оршин байсан. Пүё улсын агь Жүмун Чулбуньд ирж суугаад Кугүрё улсыг байгуулж Тунмён ван гэгджээ. Нийслэл Күннэ нь өнөөгийнхөөр Хятад улсын Гирин мужийн Жиань хотын нутагт байжээ. Пэгжэ, Шилла, Кугүрё гурван улс зэрэгцэн оршсоныг Солонгосын түүхэнд «гурван улсын үе» хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугурёгаас үүссэн домогтой. Пёнъян 427 оноос Кугүрёгийн нийслэл болсон.

Кугүрё хөрш аймаг болон хятадын Хань, Цао Вэй, Сүй, Тан зэрэг улстай дайтаж байсан. Кугүрё цэрэг зэвсгийн хүчээр Солонгосын нөгөө хоёр улсаас хүчирхэг байсан бөгөөд 5-р зуунд Куангэтү вангийн үед хятан, мохэг түрж газар нутгаа тэлж байв. Дараа нь дотоодын тэмцэл, гадаадын дайнаас доройтон 668 онд Тан-Шиллагийн холбоот цэрэгт эзлэгдэн мөхжээ.

Кужусоний дараа тогтсон томоохон улс Кугүрёг өвөг солонгос хэлтэн байсан гэдэг. 372 онд буддын шашинд орсон.

Кугүрёг мөхсөний дараа сэргээх оролдлого гарч Бохай, Тэбун, Гуулин (Курё) улс байгуулагджээ.

Хадмал толь
Солонгос үсэг 고구려 → Goguryeo
Кугүрё
Кирил монгол бичигт Кугурё, Когурё, Гогурё зэрэг олон янзаар галиглах нь бий. Уг хэл дуудлагыг үндэслэн Кугүрё гэвэл зохино.

Түүх[засварлах | edit source]

НТӨ 1-р зуун: Жүмунгийн домог[засварлах | edit source]

4-р зууны дурсгал болох Куангэтугийн чулууны бичээс болон Самгүгсаги түүхэн сударт бичсэнээр Кугүрёгийн анхны ван, өвөг нь Жумүн байсан гэжээ. Жүмунг Пүё улсын ван, түүний хатан нарын хүү гэх ба Жүмунгийн төрсөн эцэг Хэмүсу, төрсөн эх нь Юхуа гэсэн. Юхуа дагина жирэмсэн болоод лусын эзэн Хэбаг эцэгтээ хөөгдөн Пүёгийн Кымуагийн хатан болсон ажээ.

Кугүрёгийн булшнаас олдсон домгийн дүрс Сарны дагина

Мөн сурвалжид Жүмун мэргэн харваач болсон ба Кымуагийн бусад хөвүүд атаархан түүнийг хөөсөн гэнэ. Жүмун Дорно Пүёгоос хөөгдөн дагалдагч нарын хамт Чулбуньд ирж, нутгийн баян Ёнтабалын охин Сусонутай гэрлэн Кугүрё улсыг үндэслэн байгуулав. Жүмунгийн анхны эхнэрээс төрсөн Юри Кугүрёгийн дараагийн ван болж, Сусонугаас төрсөн Уньжу өмнө зүг одож Пэгжэ улсыг байгуулсан гэж өгүүлжээ.

Жүмун НТӨ 36 онд Бирю, НТӨ 28 онд Умар Угжог байлдан дагуулжээ.

1-2-р зуун: Төр улсын шинж[засварлах | edit source]

Кугүрё Ялу, Түмэн гол, Манжуурын өмнөд хэсэг, Солонгосын умард хэсгийн уулархаг нутгаар төвлөж байв. НТ 53-146 онд 93 жил төр барьсан гэх Тэжу вангийн үед газар нутгаа тэлж аймгийн шинжээс дэвшиж улсын шинжтэй болжээ. Тэжу ван Угжо, Тунъе зэрэг аймгийг байлдан дагуулсан ба хамтдаа Хань улсын Солонгос, Ляодун дахь Лелан, Шюаньтү муж рүү довтолж хятадын нөлөөг бууруулжээ.

3-4-р зуун: Ялагдал ба сорилт[засварлах | edit source]

Хань улсыг мөхсөний дараа Солонгос, Ляодун дахь дөрвөн муж нь нэгдсэн удирдлагагүй хувь хувиа сахин сууж байв. Кугүрё 220 онд Хятадад үүсэн байгуулагдсан Цао Вэй улстай холбоолон Хань улсын дээрх дөрвөн мужийг довтлов. Ляодунг Вэй улс эзэлж 244 оноос Кугүрё-Вэй хоорондоо байлдахад Вэйн цэрэг Кугүрёгийн нийслэлийг сүйрүүлсэн бөгөөд 259 онд мөн Вэй улсад ихээр цохигдов.

Буддын баримал

70 жилд Кугүрё Хуанбу дахь нийслэлээ дахин босгож авч Ляодун дахь Лелан, Шюаньтү муж руу дахин довтолсон ба 313 онд сүүлийн үлдэгдлийг бүрэн эзлэн газар нутгаа тэлж, Солонгосын хойгийн умард хэсэг дэх хятадын 400 жилийн оршин тогтнолыг зайлуулав.

4-р зуунд өвөг монгол сяньби хаяа залган оршсон ба 342 онд Түрүү Янь улсын мужун сяньби цэрэг Кугүрёгийн нийслэлийг довтлон сүйрүүлж, хатад зэрэг 50000 хүн олзлон боолчлож, Кугүгуонь ван дутаан амь гарав. 346 онд сяньбийн довтолгоонд түрэгдсэн Пүёгийнхэн Кугүрё руу ихээр нүүж ирэв. 371 онд Пэгжэгийн Кынчугу ван Кугүгуонь ванг Чиянгийн тулалдаанд алж, Пёнъянг эзэлжээ.

Сусүрим ван ор залгаж төр улс, олон овгийн амар байдлыг эргэн авчрав. Шинэ хууль цааз тогтоож, 372 онд буддын шашныг улсын шашин болгон авав. Түүний төр, цэргийн шинэчлэлтийн суурин дээр ач хүү Куангэту нь Кугүрёгийн газар нутгийг өргөтгөжээ.

5-р зуун: Куангэту ба оргил үе[засварлах | edit source]

Кугүрёгийн вангийн бунхан. Күннэ (өнөөгийн Хятад, Жиань)

391-413 онд төр барьсан Куангэту, түүний хүү Чансүгийн үед Кугүрё түүхэндээ хамгийн их хүчирхэгжжээ. Куангэту цэргийн хүчээр Солонгос, Манжуур, Өвөр Монголд байсан 64 хот балгас, 1400 сууринг байлдан эзэлжээ. Ляодун дахь сяньбийн Хожуу Яниас газар тасдаж, Жужантай байлдаж, Пүёгийн ихэнхийг дагаар оруулж, өвөг тунгус Сушэнийг ихээр байлдан дагуулав. Өмнө зүгт Пэгжэ, Каяг дийлж, Шиллаг хараат болгосон.

413-491 онд хаанчилсан Чансү ван 427 онд нийслэлийг Пёнъянд шилжүүлж, соёл эдийн засгийг хөгжүүлэв. Чансү эцгийн адил өвөг монгол, өвөг тунгустай Манжуурт байлдан дийлж байв. Пэгжэ, Шиллагийн газраас ихийг булаан авав. Чансү улсын нэрийг Кугүрёгээс «Курё» болгосон. Гэхдээ өдгөө энэ улсыг хожмын Курёгоос ялгаж Кугүрё гэдэг. Мүнжа вангийн үед Пүёг бүрэн байлдан дагуулж Шилла, Пэгжэ, мохэ, хятанд нөлөөтэй байв.

6-7-р зуун: Зөрчил, дайн, мөхөл[засварлах | edit source]

Кугүрё 6-р зуунд оргилдоо хүрсэн ч хүчин буурч эхлэв. Аньжан ван алагдаж, дүү Аньвонь ор залгав. Дараа нь 8 настай Янвонь ван болов. Кугүрёгийн дотооддоо тэмцэлдэж байх 550-аад онд умард нутгийн хот балгасыг Түрэгийн улс довтлон эзэлж байв. Ноёдын тэмцэл өрнөж байхад Пэгжэ, Шилла хоёр холбоолж 551 онд Хань мөрний хөндийг эзлэн авав. Хятадын Сүй улсын газар нутгаа тэлэх бодлогод Кугүрё саад болов. 598 онд Кугүрё Ляошиг довтолжээ. Сүй улс 612 онд Кугүрё руу 1000 түмэн цэргээр довтолсон боловч Кугүрёгийн Ыльжи Мүньдог жанжны арганд орж бүх цэрэг, нэр хүндээ алдаж олон улс болон задарчээ.

645 он. Тангийн Кугүрё руу довтолсон эхний аян дайн

642 онд өөрийг нь алахаас урьтан Ёнь Гэсумүнь жанжин Ённэ ванг хороож төр эргүүлэн Ённэгийн үеэлийг Пужан ван хэмээн өргөмжлөн өөрөө далдаас удирджээ. Кугүрё-Пэгжэ 643 онд холбоолоход 644 онд Тан-Шилла холбоолж Кугүрёгийн эсрэг аян дайн үүсгэж, 645-648 онд жил дараалан Ляодун дахь Кугүрёгийн цайз хэрэм рүү довтлов. Тангийн Тайзун хаан Сүй улсын Ян хааныг үгүй хийсэн Кугүрёг эзлэх хүсэл өвөртөлсөн ч амьддаа харж чадалгүй 649 онд нас баржээ. Шилла-Тангийн холбоотон 660 онд Пэгжэг байлдан дагуулж Кугүрё руу илдээ далайв.

662 онд ялалт байгуулсан ч Ёнь Гэсумүнь 666 онд өвчнөөр нас барав. Залгамжлалын төлөө дотоодын тэмцэл явагдаж байсан 667 онд Тангийн цэрэг Ляо мөрнийг гатлан 668 онд Кугүрёгийн умард хилийн хотуудыг эзлэв. Намар нь Ялу голыг гатлан Шиллагийн хамтаар Пёнъянг бүсэлжээ.

Ёнь Намсань Пужан вангийн хамтаар бууж өгч Ёнь Намгёнь байлдан тэмцээд эцсийн мөчид амиа хоролжээ. Кугүрё улсын мөхөл энэ байж Тан улс газар нутгийг нь нэгтгэн авчээ. Тан улс Шью Рөнгүй амбан жанжин томилж, Кугүрёгийн хүн ардаас Дотор газар луу ажил хийлгэхээр заримыг нүүлгэжээ. Шилла Кугүрёгийн нутгийг эзэрхэхийг хүсч 670-676 онд Шилла-Тан дайтжээ. Тэдун голоор хил тогтож Кугүрёгийн өмнөд хагас Нэгдсэн Шиллагийн харьяанд оров.

Дахин сэргээх оролдлого[засварлах | edit source]

668 онд Кугүрё улс эзлэгдэн мөхөхөд цэрэг ард Тан-Шиллагийн эсрэг босч Кугүрёг сэргээн байгуулах хөдөлгөөн өрнөжээ. Тан Пужан ванг Ляодунгийн мужийн амбан жанжингаар томилоход Пужан Тангийн эсрэг бослогыг дэмжиж буруудаад Сычуань руу цөлөгдөж нас эцэслэжээ.

Хятадад Ан Лушаны бослого гарахад Пужангийн үр хойч Тан улсаас тусгаарлахаар оролдож байв. Кугүрёгийн жанжин байсан Тэ Жу-ён хуучин Кугүрёгийн умард нутгийг харьяандаа оруулж Их Жинь улсыг үндэслэсэн нь түүхэнд Бохай улс (698–926) хэмээн бичигджээ.

901 онд Хожуу Шиллагийн эсрэг боссон Гүн Е жанжин Солонгосын хойгийн төв хэсэгт Хожуу Кугүрё улс буюу Тэбунг (901–918) үндэслэн ч удалгүй Ван Гонь төр эргүүлж Курё буюу Гуулин улсыг үндэслэжээ. Ван Гонь хуучнаар Кугүрё нутгийн хүн байсан.

 Commons: Goguryeo Kingdom – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Гадаад холбоос[засварлах | edit source]