Jump to content

Кёльн хотын сүм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кёлн хотын сүм

Кёльн хотын сүм (герман. Kölner Dom) — Германы Кёльн хот дахь Ромын католик шашны готик загварын хэлбэртэй сүм. Дэлхийн өвд бүртгэгдсэн, өндрөөрөө дэлхийд 3-т ордог сүм юм.

Кёльн хотын сүмийг барих ажил хэдэн зууны турш 1248-1531, 1842-1880 онуудад хоёр үе шаттайгаар явагдсан байна. 157 метр өндөр уг сүм баригдаж дууссаны дараа 4 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр барилга болж байжээ.

1248 оны 8-р сарын 14-нд Кёльн хотын хамба лам Конрад фон Хохстаден энэхүү Кёльн хотын сүмийн шавыг тавьснаар Европын барилгын түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ажээ. Ариун Ромын эзэнт гүрний хамгийн үзэсгэлэнт, баян бөгөөд улс төрийн хувьд хүчирхэг хотуудын нэг болох Кёльн нь Францын жишээг дагаж, өөрийн гэсэн сүрлэг сүмтэй болох нь зүйтэй гэж үзсэн байна.

Сүмийн дээрээс харагдах байдал

Кёльн хотын сүм нь алдартай Амьен, Реймс сүмүүдийн зохион байгуулалт дээр суурилсан байна. Гэсэн хэдий ч Кёльн хотын сүм нь хэмжээнээрээ тэднээс давж гардаг: 144 м урт, 86 м өргөн бөгөөд сүмийн өндөр нь 157 м хүрэх ёстой байв. 1248 онд тавигдсан сүмийн суурийн хэлбэрийг мөн Францад гарч ирсэн шинэ сүмүүдээс жишээ болгож авчээ. Сүмийн дотор нь илүү их гэрэл гэгээ ордог байхын тулд том хананы оронд нарийхан дөврөлжин хэлбэртэй баганнууд босгосон. Хана нь дээврийн асар их хүнд жинг тэсвэрлэхийн тулд гадна талын тулгуур ба нуман хаалганы системийг ашигласан байна. Энэ тохиолдолд нуман хаалга нь хагас дугуй хэлбэртэй биш, харин үзүүртэй байсан бөгөөд энэ нь барилгын бүх гадаргууг жигд бүрхэж, бүхэл бүтэн бүтцийг тэнгэр рүү тэмүүлж байгаа мэт байдлыг илэрхийлдэг байв. Энэхүү асар том уран барилгын байгууламж нь агуу Тэнгэрийн бурханыг биширч буй хүмүүсийн сэтгэлийг татах ёстой байв.