Jump to content

Лааганы Найдан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лааганы Найдан нь аймгийн хурц арслан цолтой бөх.

Ховд аймгийн Буянт суманд 1936 оны гал үхэр жилийн хаврын адаг сарын яргуй нүдлэх цагаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганыд нэгэн хүү мэндэлсэн нь аймгийн хурц арслан Найдан байв. Аавынхаа 49, ээжийнхээ 42 настайд нь төрсөн айлын отгон хүү болох Найданг дөнгөж 5 сартай байхад аавыг нь хэлмэгдлийн хар шуурга дайран авч явсан байдаг. Хар бага наснаасаа амьдралын хүнд хүчрийг мэдэрч, хар бор ажилд нухлагдан, ээждээ тусалж байсан нь түүний бие болон сэтгэлийн хатыг нь хөгжүүлж, бөх болох замналыг нээжээ.

Тэрбээр 1953 онд аймгийнхаа наадамд 17 настайдаа анх барилдаж нэг даваад хоёрын даваанд Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин н.Чанарав гэдэг хүнд унажээ. наадмаас хойш хаана л наадам болж байна, байнга л очоод зогсчихдог бөхийн хорхойтон болсон бөгөөд нагац ах а/а Б.Самдан, нутгийн ах нар болох а/а М.Аюуш, Д.Лувсан, Д.Дамбий, Н.Пүрэвдорж нарын бөхчүүд ирээдүйд бөх болно доо гэж урам нэмдэг байв. Мөн 1954 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд элсэн орж, өөртэй нь ижил бөхөд сонирхолтой, хожим нь Баян-Өлгий аймгийн хурц арслан болсон Е.Дагыстай нэг ангид сурах болсон нь түүнд барилдах бяр, ур чадвар суулгаж, сонирхлыг нь улам нэмэгдүүлж өгсөн гэдэг.

Найдан 1957 оны наадмын өмнөхөн сургуулиа малын бага эмч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд малын эмчээр ажиллахаар хуваарилагджээ. Аймгийн цол авчих санаатай бага сага шалтаг тоочиж байж аймгийнхаа наадамд зодоглохоор болжээ. Аймгийнхаа наадамд гурав давж, дөрвийн даваанд өмнөх жилийн наадмын түрүү бөх Р.Раднаа арслантай нар жаргатал барилдаад, хаялцалгүй маргааш нь үргэлжлүүлэн барилдаж өвдөг шорооджээ.

Найдан 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмаар Улаанбаатараас төрсөн нутгаа зорин очиж, бөхийн гараагаа эхэлсэн торгон ногоон дэвжээ, нутгийн ах дүүсээ хүндэтгэн 44 дэх жилдээ зодоглож, уран гоё гараа дэвээгээрээ наадамчин олноо баясган, 65 насандаа зодог тайлжээ.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1961 Улсын наадмын гурвын даваанд Хөвсгөл аймгийн харьяат, Улсын заан Ц.Дамдиндоржид амлуулан барилдаж өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1958 Ховд аймгийн наадамд Аймгийн арслан Д.Лувсангаар тав давж "Аймгийн начин" цол хүртжээ. 128
1959 Ховд аймгийн наадамд Увс аймгийн харъяат Аймгийн арслан Т.Лхүндэвт өвдөг шороодон үзүүрлэжээ. 128
1963 Ховд аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 128
1964 Ховд аймгийн наадамд түрүүлсэн. 128
1965 Ховд аймгийн наадамд түрүүлсэн. 128
  • Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд 1962, 1963, 1964, 1965 онуудад дараалан түрүүлж байв.
  • Мөн аймгийнхаа Чандмань, Зэрэг, Буянт, Дарви, Үенч, Мянгад сумдын баяр наадамд нийтдээ 10 удаа түрүүлжээ.