Лантуугийн Сэрчиндорж
Лантуугийн Сэрчиндорж нь Монгол улсын Геологийн салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар хүн юм.
Хөдөлмөрийн баатар Л.Сэрчиндорж 1940-1950 оны үед Түмэнцогт, Чулуунхороот, Чоногол, Бүрэнцогт зэрэг уул уурхайн үйлдвэр байгуулагдаж, үйлдвэрүүдийг түүхий эдийн найдвартай баазаар хангах ажил эрчимтэй хийгдэж байсан цаг үед нефть хайгуулын 54 дүгээр трестэд ажиллах болсноор нефть хайгуулын гүний өрмийн машиныг богино хугацаанд чадамгай эзэмшиж өрмийн мастер болсон төдийгүй дизельчин, жолооч, моторчны мэргэжлийг давхар эзэмшсэн байна. Олон мэргэжлийн эзэн болсон Л.Сэрчиндорж Дархан, Эрдэнэт, Цагаан суварга, Хар-Айраг, Хажуу-Улаан зэрэг газруудад ашигт малтмалын орд газруудыг нээн илрүүлэхэд оролцож, хариуцсан ажлын төлөвлөгөөгөө ямагт давуулан биелүүлж ажилласан ба залуу үеийг сургаж, хүмүүжүүлэхэд анхаарч, 30 гаруй мэргэжилтэн шинээр бэлтгэжээ. Геологи, хайгуулын ажилд гаргасан түүний ажлын амжилтыг үнэлэн 1969 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.