Лаосын Үндэсний Ассамблей

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблей лаос хэлээр-Sapha Heng Xat / National Assembly of Lao PDR/ БНАЛАУ-ын нэг Танхимтай парламент.

1975 оны 12 дугаар сард 45 гишүүнтэй Ардын Дээд Зөвлөлийн Хурал /The Supreme People's Assembly/ нэртэйгээр байгуулагдсан. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн захирамжийн тухай Хороо, Сонгуулийн хуулийн төслийн Хороо, Улсын төсвийн Хороо гэсэн 3 Байнгын Хороотой байгуулагдаж, АДЗХ-ын анхны даргаар хунтайж Суфанувонг сонгогдон ажиллаж байсан.

1989 оны 2 дахь удаагийн сонгуулиар Лаосын Ардын Дээд Зөвлөлийн Хурлын /ЛАДЗХ/ 75 гишүүнийг сонгон, Нухак Фумсаваныг ЛАДЗХ-ын даргаар, Тонгсинг Таммавонгийг дэд даргаар сонгож байжээ. ЛАДЗХ нь Нарийн бичгийн дарга нарын, Хууль-Үндсэн хуулийн, Эдийн засаг-санхүүгийн, Соёл-нийгмийн, Гадаад харилцааны гэсэн 5 Байнгын хороо, Тамгын газартай, хөдөө орон нутагт мужийн, нийслэлийн, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэсэн 2 шатны бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

Лаосын Ардын Дээд Зөвлөлийн Хурал эдийн засаг, нийгмийн өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт дэвшүүлж, Үндсэн хуулийн төслийг боловсруулж, 1991 оны 8 дугаар сарын 15-нд баталсан. Үүний дагуу БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей өнөөгийн төрхөө олсон байна.

Лаосын шинэ үеийн парламентын түүхэн ач холбогдолыг олон үндэстэн, ястан ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлж, улс орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах стратегийн 2 гол зорилтыг дэвшүүлэн, бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлаа бататган, олон жилийн дайны хор уршгийг арилгах, ард түмнийхээ аж амьдралыг аажмаар хэвийн болгох, эдийн засаг, нийгмийн болон дэд бүтцийг сэргээн хөгжүүлэх, улмаар хууль эрх зүйн үндэс суурийг тавих зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг.

1992 оны 12 дугаар сарын 20-нд зохион байгуулсан 3 дахь удаагийн ээлжит сонгуулиар 85 гишүүн сонгогдсоны 8 нь эмэгтэй гишүүн байжээ. Лаосын Ардын Дээд Зөвлөлийн Хурлын нэрийг Лаосын Үндэсний Ассамблей /ЛҮА/ болгон өөрчилж, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг татан буулгаж, нэг танхимын тогтолцоонд шилжсэн бөгөөд ЛҮА-н даргаар Самане Вигнакет /Samane VIGNAKET / ажилсан. Байнгын Хорооны тоо 6 болж нэмэгдсэн.

1997 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дахь сонгуулийн дүнгээр 99 парламентын гишүүнтэй болж тэдний 21 нь эмэгтэй гишүүн байсан ажээ. Найм дахь удаагийн ээлжит сонгуулиар сонгогдсон Үндэсний Ассамблейн анхдугаар чуулганаар ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чуммали Саяасоныг БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр, Бүньян Волачитыг Дэд Ерөнхийлөгчөөр, Тонгсинг Таммавонгийг ЛҮА-н даргаар, Пани Ятодү /Pany Yathotou/, Сайсомпон Фомвиханыг нарыг Үндэсний Ассамблейн дэд даргаар тус тус сонгосон.

2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Лаосын Үндэсний Ассамблейн 10 дугаар хуралдаанаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Пани Ятодү-г Үндэсний Ассамблейн даргаар сонгосон.

2016 оны 3 дугаар сарын 20-нд болж нийт 211 хүн нэр дэвшиж 149 суудлын 144-ийг удирдагч ЛАХН-ынхан авч, үлдсэн 5 суудал бие даагчидад ноогдсон байна. ЛАХН-аас сонгогдсон хатагтай Пани Ятодү /Pany Yathotou/ Үндэсний Ассамблейн даргаар улиран сонгогдсон ажээ. Нийт гишүүдийн 73% шинээр сонгогдсон бөгөөд 41 гишүүн буюу 27,52% нь эмэгтэйчүүд байжээ.

2021 оны 2-р сарын 21-нд сүүлийн ээлжит Үндэсний Ассамблейн сонгууль болж эрх баригч ЛАХН 158 суудал авчээ. Үлдсэн 6 суудлыг бие даагчид авсан байна. Үндэсний Ассамблейн даргаар (2021 оны 3-р сарын 22-ноос) - Сайсомфон Фомвихан болжээ. 7200 сонгуулийн санал авах байр ажилласан бөгөөд гадаадын 40 оронд сонгууль өгсөн гэж Лаосын албан ёсны хэвлэл мэдээллэв.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

ЛҮА-н Байнгын Зөвлөл нь дарга, орлогч дарга, гишүүдээс бүрддэг бөгөөд чуулган завсарлах үеэр Парламентын тасралтгүй ажиллагааг хангаж өдөр тутмын үйл ажлиллагааг удирдан явуулах үндсэн үүрэгтэй.

Эдүгээ ЛҮА нь Байнгын Зөвлөлөөс гадна Хууль зүйн, Эдийн засаг, төлөвлөлт, санхүүгийн, Соёл, нийгмийн, Үндэстэнүүдийн, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын, Гадаад хэргийн гэсэн 6 Байнгын хороо болон Тамгын газрын бүтэцтэй ажиллаж байна. ЛҮА нь сонгуулийн мажоритар тогтолцоотой. Лаосын улсын 21 нас хүрсэн иргэн сонгогдох эрхтэй бөгөөд сонгуулийн хооронд нөхөн сонгууль явуулдаг.

Лаосын Үндэсний Ассамблей жилд хоёр удаа чуулдаг. Оны эхний хуралдаан гол төлөв 4 дүгээр сард хоёрдахь нь 9 дүгээр сард болдог. Үндэсний Ассамблейн жилийн эхний ээлжит чуулганаар улс орны хөгжлийн явцын тухай асуудал, Аудитын тайлан, төсвийн бүрдүүлэлт болон зарим томилгооны асуудал зэргийг хэлэлцдэг. Намрын хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны Тайлан, Улсын төсөв болон улсын нийгэм-эдийн засгийн стратегийн хөгжлийн явц, Ардын Дээд шүүх, Ардын Ерөнхий Прокурорын Тайланг сонсч хэлэлцдэг байна.

2017 онд Вьетнамын тусламжаар Лаосын Үндэсний Ассамблей өөрийн шинэ барилга барьж эхлүүлээд 2021 онд ашиглалтанд оруулжээ.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей 1990 онд Кипр Улсад болсон Олон улсын Парламентын Холбооны /IPU/ 83 дугаар хурлын үеэр тус байгууллагын гишүүн болсон бөгөөд АСЕАН-ны Парламент хоорондын байгууллагын (AIPO) ажиглагчаар элссэн байна.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей дахь Лаос-Монгол, Гүржийн парламентын найрамдлын бүлгийг 2017 оны 5 дүгээр сарын 9-нд шинэчилж байгуулсан. Бүлгийн даргаар ЛҮА-н Хууль зүйн байнгын хорооны орлогч дарга К.Виллапан, бүлгийн орлогч даргаар Б.Камбүнхөанг /Монголд төгссөн Лаосын хөдөө аж ахуйн орлогч сайд/ нар ажиллаж байна. Тус парламентын бүлэг нь нийт 12 гишүүнтэй.

Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгчид:

1957-1960 --Пхенг Пхонгсаван

1960-1960 --Сүванна Пхүма, Тиао Сомсанит

1960-1974 --Пхүи Сананиконе

Ардын Дээд Хурлын Ерөнхийлөгчид:

1975-1986 --Хунтайж Сүфанувонг

1986-1989 --Сисомфон Ловансай

1989-1992 --Нухак Фүмсаван

Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгчид:

1993-2006 --Самане Вигнакет

2006-2010 --Тунгсинг Тхаммавонг

2010-2021 --хатагтай Пани Ятодү

2021- Сайсомфон Фомвихан ажиллаж байна.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]