Левон Тер Петросян
Лево́н Тер-Петросян (армени. Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան; 1945 оны 1-р сарын 9-нд Сири улсын Алеппо хотод төрсөн) — зөвлөлтийн болон армений төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Бүгд Найрамдах Армени улсын анхны Ерөнхийлөгч (1991—1998), хэл зүйн ухааны доктор, профессор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]
Леволн Тер-Петросян 1945 онд Сирийн Алеппо хотод төрсөн. 1946 онд гэр бүл нь Зөвлөлт Армени руу нүүжээ. 1963 онд Тер-Петросян Ереваны Улсын Их Сургуулийн филологийн факультетэд элсэн орж 1968 онд төгсөөд Армени улсын ШУА-ийн Манук Абэгяний нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд аспирантурт элсэн орсон байна. Дараа нь ЗХУ-ын Ленинградын Дорно дахины судлалын дээд сургуульд аспирантурт үргэлжлүүлэн суралцжээ. 1972 онд тэрээр Армен-Асирийн утга зохиолын харилцааны сэдвээр диссертацийг хамгаалж, филологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн болжээ.
1988 оноос хойш Левон Тер-Петросян Уулын Карабах автономит мужийг Азербайжаны ЗСБНХУ-ын харьяалалаас гаргахыг шаардсан Карабахын хорооны гишүүн, Армений үндэсний хөдөлгөөний (АНМ) удирдагчдын нэг байв. 1988 оны 12-р сард түүнийг Карабахын хорооны бусад гишүүдийн хамт “бүх нийтийн үймээн самуун зохион байгуулсан”, “Үндэстэн хоорондын үзэн ядалтыг өдөөсөн” гэж буруутгаж баричлсан байна. 1989 оны 5-р сард олон нийтийн шахалтаар түүнийг сулласан түүхтэй.
Ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]ЗХУ задран унаж 1991 оны 10-р сарын 17-нд Тер-Петросян сонгогчдын 83.4 хувийн санал авч тусгаар тогтносон Бүгд Найрамдах Армен улсын анхны ерөнхийлөгчөөр сонгодсон байна.
1996 оны 9-р сарын 22-нд Тер-Петросян Арменийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, сонгогчдын 51.75 хувийн санал авч, эхний шатанд ялалт байгуулжээ.
Армений Засгийн газар хагралдан хуваагдсан явдлаас болж 1998 оны 2-р сарын 3-нд Тер-Петросян тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорчээ. Ерөнхий сайд Роберт Кочарян, Батлан хамгаалахын сайд Вазген Саркисян, Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын сайд Серж Саркисян нар Тер-Петросяны Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг дэмжээгүй байна. Улмаар Роберт Кочарян мөн оны 3-р сард шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Огцорсоны дараа
[засварлах | кодоор засварлах]Тер-Петросян албан тушаалаасаа огцорсныхоо дараа олон нийтийн улс төрөөс удаан хугацаагаар хөндийрч Арменид амьдарч байв. Тэрээр Матенадаранд эрдэм шинжилгээний ажилтан байсан. Тер-Петросян 11-16-р зууны Арменийн төрийн түүхэнд зориулсан "Армянчууд ба загалмайтнууд" гэсэн зургаан боть суурь судалгааг бүтээж эхний боть нь 2005 онд, хоёр дахь нь 2007 онд хэвлэгдсэн байна.
2007 оны 10-р сарын 26-нд Тер-Петросян Ереван хотод болсон сөрөг хүчний жагсаал дээр үг хэлэхдээ 2008 оны 2-р сард товлогдсон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэв. Сонгууль 2008 оны 2-р сарын 19-нд болсон. Маргааш нь одоогийн ерөнхий сайд Серж Саркисян 28 хувийн санал авч ялалт байгуулсан гэж Сонгуулийн төв комисс мэдэгдэв. Тер-Петросян 21.50 хувийн санал авч хоёрдугаарт орсон юм.
2012 оны парламентын сонгуулиар Армений үндэсний конгресс нам Арменийн Үндэсний ассамблейн 7 суудал авч, Тер-Петросян жагсаалтыг тэргүүлсэн боловч мандатаас татгалзсан юм.
Тер-Петросян 2013 оны Армений ерөнхийлөгчийн сонгуульд нас өндөр болсон гэж оролцохоос татгалзсан байна.
Левон Тер-Петросян төрөлх армян хэлнээс гадна орос, англи, франц, герман, латин, араб, ассир, эртний грек, эртний армян хэл мэддэг байна.