Литвачууд

Литвачууд (литв. нэг тоон дээр lietuvis, олон тоон дээр. lietuviai) — Балтийн бүс нутгийн үндэстэн бөгөөд ихэнх нь Литва улсад амьдардаг. Тэд голчлон Энэтхэг-Европын аймгийн Балт хэлний бүлгийн Литва хэлээр ярьдаг ард түмэн. Литвачууд бол түүхийн урт хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, үндэсний ижилслийг хамгийн цэврээр нь хадгалж үлдсэн Балтийн бүс нутгийн уугуул үндэстэн юм.
Одоогийн байдлаар ойролцоогоор 4.2 сая хүн (Литва хэлээр ярьдаггүй хүмүүсийг оруулаад) өөрсдийгөө Литванчууд гэж үздэг. Тэдний 1.3 сая гаруй нь хилийн чанадад амьдардаг байна.
2021 оны Литвийн хүн амын тооллогоор Литвачууд тус улсын хүн амын 84.6%-ийг эзэлж байна.
Литвачуудын тоо болон тархалт
[засварлах | кодоор засварлах]Литвачууд МЭӨ 2000 орчим оны үед Балтын тэнгисийн зүүн эрэгт суурьшсан энэтхэг-европ угсааны эртний Балтийн аймгуудаас гаралтай гэж үздэг.
Литвачуудын томоохон бүлэг АНУ, Канад, Их Британи, Бразил болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан зарим Бүгд найрамдах улсуудад амьдардаг. Литвийн уугуул иргэдийн цөөн хэсэг нь орчин үеийн Литвийн газар нутгаас гадуур үлджээ: голчлон Беларусь улсын баруун хойд хэсэгт (Витебск мужийн Браслав дүүргийн Опса хөдөө аж ахуйн хот, Гродно мужийн Островец дүүргийн Гервиати хөдөө аж ахуйн хот, Гродно мужийн Вороново дүүргийн Пелеса тосгон гэх мэт), Латвийн зүүн өмнөд хэсэгт (голчлон Литва-Латвийн хил ба Даугава голын хооронд), Польшийн зүүн хойд хэсэгт (Пунскийн гмина болон Подлаские воеводство дахь Сейни, Сувалки хотууд) байрладаг.
Зан байдал
[засварлах | кодоор засварлах]Тэдний өвөг дээдэс модыг ариун гэж шүтдэг байсан уламжлал одоо ч бий. Ой мод, байгальтайгаа маш ойр зохицож, нам гүм, тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Зан байдлын хувьд бүрэгдүү ба тэвчээртэй гэгддэг: Гадны хүнд эхэндээ дуу цөөтэй, хүйтэн хөндий мэт санагдаж болох ч дотноссон үедээ маш найрсаг, тусархаг үндэстэн юм. Олон зууны дайн, дарангуйллыг давж гарсан тул маш тэвчээртэй, шаргуу хөдөлмөрч зантай.
Соёл
[засварлах | кодоор засварлах]Шашин
[засварлах | кодоор засварлах]14-р зууны төгсгөл хүртэл Литвачуудын өвөг дээдсийн ихэнх нь бөө мөргөлийн шашинтан байсан бөгөөд цөөн тооны үнэн алдартны шашинтан байжээ. Литва (Аукштайтиа) 1387 онд католик шашинд орсон бол Самогитиа бүр хожим буюу 1413 онд католик шашинд шилжжээ. 16, 17-р зуунд Шинэчлэлийн давалгаа Литвад нэвтрэн орж, голчлон Литвийн язгууртнуудад нөлөөлсөн. Одоогийн байдлаар шашин шүтлэгтэй Литвачууд голчлон католик шашинтан юм.
Алдартай литвачууд
[засварлах | кодоор засварлах]Литвийн гаралтай дэлхийн зүтгэлтнүүд, тухайлбал хаан Миндаугас, Их гүн Витаутас, Их гүн Гедимин, хөгжмийн зохиолч Микалоюс Константинас Чиурлионис, сагсан бөмбөгийн домогт Арвидас Сабонис, амьтан судлаач Бируте Галдикас нар байдаг.
