Ломбын Нямаа
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаа XVI жарны хөхөгчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу 1945 оны хоёрдугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хөмөлийн голд төржээ.
1965 онд Биндэр сумын бага сургуулийг төгсөж, улмаар 1970 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн. 1971 оноос Хэнтий аймгийн Заах аргын кабинетэд арга зүйч, Өмнөдэлгэр, Батширээт, Өндөрхааны дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирал, Хэнтий аймгийн Боловсролын төвд арга зүйчээр ажиллаж байгаад 2005 онд Улаанбаатар хотноо шилжин суурьшиж, насан эцэслэтлээ Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн “Чингис соосэ” олон улсын харилцааны сургуульд багшаар ажиллажээ.
1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Түүний бүтээлүүд төв, орон нутгийн тогтмол хэвлэлүүдэд хэвлэгдсээр ирсний дээр “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 4, 61 дүгээр ботиудад “Балдан зураач” шүлэг, зохиолчдод бичсэн захидлууд нь, “Монголын сонгомол яруу найраг” антологид “Миний амьдардаг ертөнц” шүлэг нь тус тус хэвлэгдсэн байна.
Яруу найраг, ярилцлага, хөрөг, нийтлэлийн “Миний зуун” (1986), Хүн танаа өргөх өчил буюу гүн ухааны алаг чулуу”(2005), “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” (2006), “Миний амьдардаг ертөнц” (2015), “Элегия хязгааргүй” (2024) ном туурвижээ.
Яруу найрагч Л.Нямаа Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг үндэслэн байгуулсан бөгөөд 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн оюун санааны багш нь байв.