Лондоны амьтны хүрээлэн

Лондоны амьтны хүрээлэн (англи. London Zoo) - 1828 оны 4-р сарын 27-нд Лондон хотод амьтан судлалын шинжлэх ухааны судалгаанд зориулагдсан хэлбэрээр байгуулагдсан дэлхийн хамгийн эртний амьтны хүрээлэн юм. 1847 оноос хойш олон нийтэд нээлттэй болсон. 2022 оны 12-р сарын байдлаар 14,926 амьтны цуглуулгатай бөгөөд энэ нь Их Британийн хамгийн том гэж тооцогддог байна. Захиргааны хувьд 1826 онд байгуулагдсан Лондоны Амьтан судлалын нийгэмлэгт (англи. The Zoological Society of London, ZSL) харьяалагддаг байна. Лондон хотын Вестминстер болон Камден дүүргийн хоорондох хил дээр, Режент цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт байрладаг.
Лондоны амьтан судлалын нийгэмлэг нь албан ёсоор Засгийн газрын санхүүжилт авдаггүй, зөвхөн "оролцогчид" (англи. Fellows), "найз нөхөд" (англи. Friends) болон "гишүүд" (англи. Members) болон үзмэрийн тасалбар зарах болон сайн санааны байгуулллагуудын хандив зэргээр санхүүждэг ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Лондоны Амьтан судлалын Нийгэмлэгийг (ZSL) 1826 онд Сэр Стэмфорд Раффлес, Сэр Хамфри Дэви нар байгуулжээ. Тус нийгэмлэгт 1829 онд IV Жорж хаан зөвшөөрөл олгосон бөгөөд 1847 онд амьтны хүрээлэнг санхүүжүүлэх зорилгоор олон нийтэд нээсэн түүхтэй ажээ.
Лондоны хүйтэн цаг агаарт халуун орны амьтад гадаа амьдрах боломжгүй гэж үздэг байсан тул 1902 онд Питер Чалмерс Митчелл тус нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар томилогдох хүртэл тэднийг бүгдийг нь битүү байранд байлгадаг байв. Тэрээр амьтны хүрээлэнгийн барилга, хашааг шинэчлэн зохион байгуулж, олон амьтдыг задгай агаарт гаргах болсон нь амьтдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сайнаар нөлөөлжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээс хойш Лондоны амьтны хүрээлэн хэд хэдэн удаа хаагдсан. Аюулгүй байдлын үүднээс үнэ цэнтэй амьтдыг Випснэй дахь амьтны хүрээлэнд шилжүүлэв. 1940 оны 9-р сарын 27-нд их хэмжээний тэсрэх бөмбөгнүүд мэрэгчдийн байр, зулзаганы байшин, цэцэрлэгчийн өрөө, үржүүлгийн саравч зэргийг сүйтгэжээ. Мөн 1941 оны 1-р сард тэмээний байшин эвдэрсэн бөгөөд хүчтэй бөмбөгдөлтөөс болж аквариум 1943 оны 5-р сар хүртэл нээгдэж чадаагүй юм. Аюулгүй байдлын үүднээс бүх хортой амьтдыг, бөмбөгдөлт, хашааны эвдрэлийн улмаас сул чөлөөтэй болж хотын оршин суугчдад хохирол учруулах нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд устгасан. Дайны туршид шархадсан цэргийн албан хаагчид хагас үнэ төлбөрөөр хүрээлэнг үздэг байжээ.
1980-аад онд Лондоны амьтны хүрээлэнд 900 гаруй зүйлийн 8000 амьтан, 1990-ээд онд 850 зүйлийн 7000 амьтан; Их Британийн дараагийн том цуглуулга бол 3500 гаруй амьтантай Честер амьтны хүрээлэн (англи. Chester Zoo) байв.
Класс | Амьтны зүйл | Амьтны тоо |
---|---|---|
Хөхтөн амьтан | 70 | 561 |
Шувуу | 99 | 671 |
Мөлхөгч | 49 | 167 |
Хоёр нутагтан /ус, хуурай газрын/ | 20 | 726 |
Загас | 207 | 5818 |
Сээр нуруугүй амьтан | 228 | 11346 |
Нийт | 673 | 19289 |