Луангпрабанг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Луа́нгпраба́нг /лаос. ຫລວງພະບາງ/ 2000 орчим жилийн түүхтэй Лаосын жижиг хот бөгөөд ижил нэртэй Луангпрабанг мужийн нийслэл.

Лаосын умард уулархаг нутагт Меконг, Кан голуудын бэлчир дээр нийслэл Вьентьян хотоос 425 км зайтай, далайн түвшингээс 700 м өндөрт оршдог. 60 гаруй мянган хүн амтай Лаосын 3 дахь том хот юм.

1975 онд БНАЛАУ бий болохоос өмнө тус хот Луангпрабанг Вант Улсын нийслэл байсан. Луангпрабанг хот ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдэн хамгаалтанд нь байдаг. «Луангпрабанг» гэсэн нэр лаос хэлээр гурван үгнээс бүрдсэн гэж үздэг. «Луанг - Хааны», «пха» - бурхан Будда», «банг - алтан" гэсэн лаос үг юм. “Хааны алтан Бурхан” гэж орчуулдаг байна.

Түүх. Луанг Прабанг анх Муанг Суа гэсэн нэртэй байсан бөгөөд МЭ 698 онд Тай хунтайж Хун Ло үндэслэсэн гэж үздэг байна. Удалгүй Нан Чаогийн бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд VIII зууны үед Меконгийн хөндийд оршиж байсан Нан Чаогийн түшмэг улсын нийслэл болжээ.

МЭ 600 оны үед умар зүгт газар нутгаа тэлэх болсон Кхмерийн эзэнт гүрний хаан Индраварман I дээд Меконгийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Энэ үед Нан Чао, Тай, Кхмерийн эзэнт гүрнүүдийн ээлжилсэн эзэмшилд байсан уг нутаг 1707 онд Лансанг Улс задарч Луангпрабанг хэмээх шинэ хаант улсыг үүсгэжээ. 1893 онд Францын бүрэлдэхүүнд багтах болсон бэлэгдлийн шинжтэй Лаосын Вант Улсын нийслэл нь Луангпрабанг болсон түүхтэй.

Лаос улс 1945 онд тусгаар тогтнолоо зарлахад Луангпрабангийн хаан Сисаванг Вонг Лаосын Вант Улсын төрийн тэргүүн болжээ. Өнөөдөр Луангпрабанг хотод уг хотыг үндэслэгч Хун Ло, Лан Шангийг үндэслэгч Луангпрабангийн хунтайж Фа Нгум, Францын эзэмшлийн үеийн хаан Оун Хам, Францын ноёрхолын сүүлчийн хаан Хам Соук, тусгаар улсын анхны хаан Сисаванг Вонг нарын дурсгалд зориулсан ордон сүмүүд байдаг.

Лаосын аялал жуулчлалын төв гэж үздэг бөгөөд авсаархан, сонирхолтой, тав тухтай хот юм. Луангпрабанг хотод үзэх зүйл олон байдаг. Юуны өмнө хотоос холгүй "Кунг Си" гэх мэт хэд хэдэн байгалийн гайхамшигт усан хүрхрээнүүд байдаг.

Энэ хотын бас нэгэн онцлог бол авсаархан жижиг хот боловч алтан орой бүхий олон тооны үйл ажиллагаатай сүм хийдүүд байдаг. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн лам нарыг хооллох ёс байдаг /нэг ёсны өргөл барьж буй хэрэг юм/. Өглөө эртлэн босч гудамж дагуу Бурханы шашны сүсэгтэн олон цувран сууж хотын хэдэн зуун лам нарт өргөл хэлбэрээр хоол, хүнсний зүйл (голдуу жимс, будаа тэргүүтэн байдаг) тараадаг заншил өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нь жуулчдын сонирхолыг ихээр татдаг ажээ.

Мөн хотоос холгүй хэд хэдэн зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг 20 орчим минут 15 ам.доллар орчим болдог байна. Үүнээс гадна Хааны ордон болон хотыг бүхэлд нь алган дээр байгаа мэтээр харах боломжтой "Пху Си" уул буюу өндөрлөг юм. Орой үдэш хотын гудамжаар олон тооны жижиг тухтай зоогийн газруудад төрөл бүрийн европ болон лаос хоолоор үйлчилдэг.

Тээвэр. Лаосын эртний нийслэл уг хотыг ялангуяа гадны жуулчид ихээр сонирходог тул олон улсын нисэх онгоцны буудалтай. Уг нисэх онгоцны буудлаас Лаосын нийслэл Вьентьян, хөрш Тайландын Бангкок, Хятадын Куньминь, Вьетнамын Ханой зэрэг хотууд руу шууд нислэг үйлддэг байна. Мөн Вьентьян Луангпрабанг хотуудын хооронд уулын оройгоор ороосон замаар 20 ам.долларын 10 гаруй цаг явдаг автобус үйлчилдэг. Мөн Луангпрабанг-Тайландын хилийн боомтын Хуайсай хотын хооронд автобус, усан онгоц /замдаа буудалд хоноголдог Меконг мөрнөөр/ цагийн хуваариар аяалдаг байна.