Лувсангийн Дагвадорж

Лувсангийн Дагвадорж (1936 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн) нь Монголын яруу найрагч. Ард түмний сэтгэлд хоногшсон олон олон нийтийн дууны шүлгийг бичжээ.

1950 онд Төмөр замын техникумын цахилгаанчийн курс төгссөн. Зүүнхараагийн Төмөр замын Соёлын ордонд сайн дурын уран сайханч байхдаа "Учиртай гурван толгой" дуурийн Балганы дууг дуулж, "Тожоо жолооч" жүжигт тоглож байжээ.

1960-аад онд Улаанбаатар хотноо Рашаан сувилалд эмчлүүлж байхад нь түүний төрөлхийн аргил хоолойгоор эвлэг дуулахыг сонссон тус сувилалд мөн эмчлүүлж байсан УАДБЧ-ын дарга Д.Батцэнгэл чуулгадаа ирж ажиллахыг урьсан байдаг. Унаган авъяас нь түүнийг ийнхүү урлагийн замд хөтөлсөн байдаг юм.

1967 онд Октябрийн баярын 50 жилийн ойд зориулсан уралдаанд түүний бичсэн "Залуусаа, дуулаад явъя" шүлэг нь түрүүлснээр түүний уран бүтээлийн гараа эхэлж "Цэлгэр цэнхэр нутаг", "Дуундаа жаргалтай дэлхий", "Хөглөж орхиогүй эгшиг", "Эр хүн", "Хүж дэлхий амгалан байг", "Ухаарч амьдрах хорвоо" зэрэг шүлгийн ном, "Буянтын урсгал" роман, "Сохор хүүхэн", "Нүгэл нь үгүй хайр", "Учгийн зангилаас" зэрэг өгүүллэг, тууж бичиж "Хоёр зуун дууны түүвэр" хэвлүүлжээ.

Л.Дагвадорж УАДБЧ-д дуучин, утга зохиолын эрхлэгч, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, "Үлгэрийн далай" чуулгын дарга, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн музейн эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

2020 оны 10-р сарын 21-нд Ховд аймгийн Буянт сумын төвд Л.Дагвадоржийн хөшөөний нээлт болжээ.

"Эр хүн" номоо барьсан түүний хөшөөний суурийн өмнө хананд "Монголын дууны шүлгийн хаан, зохиолч, яруу найрагч Лувсангийн Дагвадорж", (1936-1996), Лувсангийн Дагвадорж сан, Буянт сумын Залуучуудын холбоо, хөшөөг зураач Б.Аюурзана бүтээв, 2020 он гэж, үлдсэн гурван талд "Хүний маань дээд нь ээж минь", "Ухаарч амьдрах хорвоо", "Эмч хүн жаргалын ээж" дууны үгийг сийлжээ.

Түүний хэлсэн үг: "Уг нь би дууны шүлгийн хаан биш боол нь юм"

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Дууны шүлэг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Л. Дагвадоржийн тухай
Л. Дагвадоржийн шилдэг уран бүтээлийн тоглолт 2019 он