Лувсандоржийн Сосор
| Лувсандоржийн Сосор | |
|---|---|
| Төрсөн | 1907 Монгол, Өвөрхангай аймаг |
| Нас барсан | 1977 Монгол, Улаанбаатар |
| Шагнал |
|
Лувсандоржийн Сосор (1907–1977) нь Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дэд хурандаа, Монголын XX зууны түүхэн гурван гол зэвсэгт мөргөлдөөнд оролцсон цэргийн нэртэй офицер байв. Тэрээр 1932 оны зэвсэгт бослого, Халхын голын байлдаан, 1945 оны Зөвлөлт-Японы дайнд оролцсон байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Л.Сосор нь 1907 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд малчны гэр бүлд төрсөн. Тэрээр 1927 онд 20 насандаа Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдаж, 18 жилийн турш алба хаажээ.
Цэргийн замнал
[засварлах | кодоор засварлах]1932 оны зэвсэгт бослого
[засварлах | кодоор засварлах]1932 онд гарсан зэвсэгт бослогын үед ЦЕС-ийн захирал А.Содномын удирдсан цэргийн отрядын бүрэлдэхүүнд багтан, хөнгөн пулемётын тасгийн даргаар Тариат, Заг Байдраг, Чулуут, Тосонцэнгэл зэрэг нутгуудад явуулсан ажиллагаанд оролцжээ. Хожим тэрээр энэ үйл явдалд харамсаж явдгаа илэрхийлж байжээ.
Тамбовын морьт цэргийн сургууль
[засварлах | кодоор засварлах]1933–1936 онд ЗХУ-ын Тамбовын морьт цэргийн сургуульд суралцаж, дэслэгч цол хүртэн Монголд эргэн иржээ. Улмаар Байшинтын 19-р морьт хорооны сэлэмт сумангийн дарга, хорооны бага даргын сургуулийн захирал, дараа нь Овоотын 20-р морьт хорооны даргаар томилогдсон байна.
Халхын голын байлдаан (1939)
[засварлах | кодоор засварлах]1939 онд Халхын голын байлдаанд Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүчний бүрэлдэхүүнд оролцож, удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэжээ. Энэ байлдаан нь Японы түрэмгийллийг зогсоож, Монгол Улсын зүүн хилийг баттай хамгаалахад чухал үүрэгтэй байв.
1941–1945: Чөлөөлөх дайнд бэлтгэх үе
[засварлах | кодоор засварлах]1941 онд хошууч цолоо авч, Завхан дахь 32-р морьт хорооны захирагчаар ажиллаж байв. Үүний дараа Тамсагт байрлаж байсан 6-р дивизийн тагнуулын албаны даргаар ажилласан.
1945 оны Чөлөөлөх дайн
[засварлах | кодоор засварлах]1945 оны 9 сард Японы эсрэг Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын мотомеханикжуулсан бүлэгт харьяалагдах 7-р хуягт бригадын буудлагын 1-р батальоны даргаар томилогджээ. Түүний удирдсан батальон нь Жанчхүүгийн даваа, Хаалганы чиглэлд Японы гол бэхлэлтүүдийн эсрэг цус асгаруулсан халз тулалдааныг тэргүүлж, халдлагын авангард үүргийг гүйцэтгэсэн.
Тус тулалдаанд түүний батальоноос Монгол Улсын баатар цол хүртсэн олон эх орончид төрөн гарсан бөгөөд тэдгээрийн дунд Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив, Т.Дүүдэй нар багтдаг. Түүнчлэн эх оронч пулемётчин Дашдондог, Сахъяа, Казыл, салаан дарга Санж нар байсан юм.
Тус дайнд Монгол Улс оролцсоноор хожим Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал алхам болсон гэж үздэг.
Шагнал, урамшуулал
[засварлах | кодоор засварлах]Л.Сосор нь:
- Монгол Улсын бүх төрлийн цэргийн медаль, одон (Гавьяаны Улаан тугийн одон, Цусан гавьяаны одон гэх мэт)
- Японыг ялсны медаль
- ЗХУ-ын “Улаан тугийн одон” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртжээ.
- Гагцхүү “Монгол Улсын баатар” цолыг л аваагүй үлдсэн гэж бичигддэг.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Лувсандоржийн Сосор нь Дуламсүрэнгийн Цагаантай гэр бүл болж, долоон хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэрээр 1977 онд Улаанбаатар хотод нас баржээ.
Дурсамж
[засварлах | кодоор засварлах]“Батальон дарга Сосор” нэрээр цэргийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд түүний удирдсан ангиас олон арван цэрэг баатар төрөн гарсан нь түүний манлайлах чадвар, эх оронч сэтгэлийг илтгэдэг.