Лувсанцэвээн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Чин ван Лувсанцэвээн

Чин ван өргөмжлөлт Гомбожавын Лувсанцэвээн нь 1869 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн нутагт төржээ. Г.Лувсанцэвээн нь Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайдын албыг 1920 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэл ердөө л 4 сар гаруй хугацаанд хашиж байсан юм. Түүнийг Бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан Бүх цэргийн Зөвлөлийн харьяан дахь Дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчилж, Засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар хороожээ. Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар тогтоолоор Чин ван, Гомбожавын Лувсанцэвээний нэр төрийг нэхэн Цагаатган сэргээжээ. Үүнээс өөр ямар нэгэн баримт, сэлт түүхэнд үлдсэнгүй бололтой. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг нь Гомбожавын Лувсанцэвээн билээ. нь Гэтэл Лувсанцэвээн нь чухамдаа Монголын автономитийг устгасан, гамин цэргийг Хүрээнээс хөөж гаргасан бөгөөд Монгол улс тусгаар тогтнолоо эргүүлж авах тэр алтан үүд, босгыгг олоход нөлөө үзүүлсэн билээ.

Тэрээр Барон Унгерний үед Монгол улсын Сангийн яамны тэргүүн сайдаар тохоон томилогдож ажиллаж байсан юм. Тэрээр Хиад ястай, Боржигон овогтой Чингис хааны шууд угсааны төрлийн тайж бөгөөд хожим чин вангийн хэргэм хүртсэн. Түүний төрөл төрөгсөд нь халхын хамгийн нөлөө бүхий ноёд, язгууртнууд бөгөөд Дархан ван Пунцагцэрэн, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, алдарт зохиолч Нацагдоржийн эцэг Дашдорж зэрэг олон хүнийг нэрлэж болно. Тэдний ойрын төрөл бол энэхүү Г.Лувсанцэвээн юм. Лувсанцэвээн бол 1915 онд алдагдаж эхэлсэн Монголын тусгаар тогтнолыг Хятадын гамин цэрэг бүрмөсөн устгаж байсан үед буюу 1920 онд Оросын цагаантны хэсэг болох Барон Унгернийг Онон голын хөвөөнөө тосон авч унаа хөсөг залгуулан хүрээнд ойртуулан иржээ. Түүний энэ үйлдэл санамсар­гүй хэрэг биш байв. Монгол улсын хаан Богд Жибзундамба хутагт хятадын гамин цэргийн мэдэлд орж, гэрийн хорионд орчихсон, ихэнх ноёд язгууртан, төрийн өндөр албан тушаалтнууд таалал болсон, өмнөдөд хятадын хар цэрэг, умардад оросын улаан цэрэг байх ахуйд цагаан цэргийн энэ хүчийг ашиглан бие даан тусгаарлахыг хүссэн юм. Түүний гол зөвлөхүүд бол Дархан чин вангийн тулхтай ноёд байжээ. Тэр дотроо нэртэй дипломатч, төрийн зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин голлох үүрэгтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Г.Лувсанцэвээн 1919 оны өвөл Онон мөрний эхэнд орж ирээд байсан Барон Унгерний цэрэгтэй өөрийн биеэр очиж уулзан /Сэцэн хан аймгийн Дайчин Жонон вангийн нутаг, Бэрээвэн хийдийн ойролцоо/, адуу мал, хоол хүнсээр хангаж улмаар дагуулан өөрийн харъяалагдах Дархан Чин вангийн хошууны нутаг Туул голын сав, Тэрэлжийн ойролцоо авч ирсэн байна.

Тэд энд байх хугацаандаа Хүрээг хэрхэн дайрах, гамин цэргийг хөөн зайлуулах төлөвлөгөө боловсруулж, унаа хөсөг, хоол хүнсээ нэлээд сайн базааж авсан байна. Монгол ноёны хувьд тэрээр Барон Унгерний итгэлийг сайн олсон байв. Ийнхүү түүнийг Хүрээнд оруулж Хятад цэргийг хөөн гаргах бүхий л бололцоог хангасан хүн бол олноо Цэвээн тэргүүн хэмээн алдаршсан Г.Лувсанцэвээн байсан юм. Түүний намтар үйл ажиллагаатай холбоотой түүхэн үйл явцыг өнөөг хүртэл огтоос судлаагүй нь хэд хэдэн шалтгаантай байсныг бид хойно дурдах болно. Тэрээр Сэцэн хан аймгийн нутагт анх Баронтай нүүр учиран Монголын хүчийг хавсран хятад лугаа байлдан газар орноо тохинуулахаар зөвлөлдөн гагцхүү Хүрээний газраа буй Богд хаанд өргөх орос, монгол хэл дээрх захиаг Зүүн хүрээний цорж лам Дэндэвдоржоор дамжуулан Богд хаанд хүргүүлсэн байна. Уг захидалд “...Монголыг харгис хятадын дарлалаас ангижруулан хамгаалж, тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажаамуу” хэмээснийг Богд хаанаас даруй зөвшөөрч хурдлан түргэнээр иртүгэй хэмээн мөнхүү цорж ламаар захиаг ирүүлжээ. Тэр зөвшөөрлийг өгсний дараа Лувсанцэвээн тэргүүтэй хүмүүс ойр хавийн идэр залуу эрс ба Заан Тэрэлжийн нуруугаар явдаг анчин, гөрөөчин зэрэг 40 – 50 – иад хүнийг цэрэгт нэмэн элсүүлж, өөр бусдаас уналга хүнсийг сэлбэх зэргээр нэлээд тусламж үзүүлэн одоогийн Налайхын цаад талд Уу булан гэдэг газарт ирж бэлтгэж эхлэв. Энэ мэдээг хүрээнд байсан хятадын цэргийн эрхтнүүд сонсож машид эмээн айж байжээ. Түүгээр ч барахгүй Монголын богд хааныг хуучин цагийн төрийн сайд нар, түшмэдийг баривчлан гэрийн хор­ион оруулсан байна. Учир нь Богд хаа­наас Чин ван Лувсанцэвээнийг зарж Барон Унгернийг залж ирүүл­сэн гэж харджээ.

Гэхдээ энэ бол үнэний хувьтай байсан нь тодорхой юм. Гэвч удалгүй Барон унгерний цэрэг Хүрээнд довтолжээ. Хятадын гамин цэргүүд ихээхэн бэлтгэлтэй байсан бөгөөд чадварлаг эсэргүүцэж байснаас гадна Оросын цэрэг уулаас дулааны улиралд гарсан тул тэдэнд хүйтэн цагийн хувцас хунар үгүй, өлсөж даарах нь их байсан зэргээс хамаарч түр ухарч, Туул голын хойд хөвөө, Горхины нурууг давж, Тэрэлж гол хүрсэн байна. Гэвч энэ үед Хүрээнд сууж байсан Чен И ихээхэн сандарч урд зүгээс дахин 1000 цэрэг ирүүлэхээр цахилгаан мэдээгээр мэдээлж, ноёдын санаа урвахаас айж зарим нөлөө бүхий хүмүүсийг албан тушаалд тохоон тавихыг хичээж биелүүлжээ. Гэвч тэд үүнд хууртаагүй юм. Яг энэ үед Г.Лувсанцэвээнээс дахин Монголчуудаас хүчийг зузаат­ган бэлтгэлийг ханган хэрхэвч холчлон явуулахгүй үтэр зуур цэрэг хэрэглэлийг монголоосоо нэмээд хятад лугаа дахин байлдахаар орж эрэгчин эмэгчнийг үзмүй гээд идэвхтэйгээр цэрэг цуглуулсан байна. Энэ үеэс Лувсанцэвээн Барон Унгерний Монгол талын дэд жанжин болсон юм. Түүнээс гадна тэд зүүн зүгт байсан цагаантны зарим хүчийг нэмэн дуудах ажлыг хийж байсан юм. Лувсанцэвээний багш, Хүрээний зүүн этгээд Туул гол, Дэндэв хурандайн зэргэмж газар нутагладаг Эрэнчинсамбуу, жич танил талын нөхөр Магсар шүхэрч нар ихээхэн чармайн зүтгэсэн байдаг. Тэрээр өөрийн багш Эрэнчинсамбууг цэргийн лам болгон өргөмжилсөн билээ. Энэхүү бэлтгэл нэлээд хангагд­саны дараа Хүүхэн хутагтаар олон зүйлийн ном гүрэм уншуулж, жанхар, цам зэрэг ёслолыг гүй­цэтгээд хятад лугаа байлдах цэргийг Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ, эсэргэн жил гарваас ялагдана хэмээн зааж өгчээ. Энэ үед орос, монгол цэрэг нийт 2000 хүрсэн байв. Юуны өмнө тэд Богд хааныг хүрээнээс гаргаж авсан бөгөөд Манзуширын хийдэд хамгаалан байх үед Лувсанцэвээн тусгай цэрэг гарган хамгаалж байжээ. Энэ удаагийн хүрээг довтлох үйл ажиллагаа маш амжилттай болж, чөлөөлсний дараа Монгол ноёд Маймаа хотод буй Барон Унгерний амрыг айлтгасны дараа Манзушир хийдэд суугаа Лувсанцэвээний амрыг айлтгаж, цаашид Богдыг хэзээ дахин залах, засгийн эрхийг хэрхэн явуулах зэргийг лавлан асуухад Хүрээ хотын ойр тойрон алагдсан хятад цэргийн хүүрийг зайлуулан хятадын хог буртгийг арилгах зэргээр ариут­гасны хойно Богдыг залуулна.

Засгийг дахин байгуулах тул элдэв хэргийг хэлэлцэхээр төлөөлөгчдийг дахин Хүрээнд хуралдуулах болно хэмээн илтгэжээ. Ингээд тэрээр бусад нөлөө бүхий ноёд, лам нарыг хүрээнд дуудаж хуралдаж хэрхэн улсын хэргийг үргэлжлүүлэн явуу­лахыг ярилцжээ. Ингээд Монголын 11 дүгээр он цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн 3-ны 9 цагт хуралдахаар тушаал гаргаж холбогдох зардал, зан үйлийг бэлтгүүлэх болжээ. Улмаар товлосон хугацаа болж, Монголын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах их үйлийг дахин үйлдэж, Лувсанцэвээнд Богд хаанаас чин вангийн хэргэм, шар хүрэм, хүрэн жолоо, бат ерөөлт цол олгож, Сангийн хамаг хэргийг эрхлэх яамны тэргүүн сайдаар тохоон томилсон юм. Лувсанцэвээн тэргүүн ийнхүү Монголын алдагдсан тусгаар тогтнолыг эргүүлэн авах ажлыг зохион байгуулсан бөгөөд тэрээр Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэх яамны сайдын хувьд бусдын эрхээр талхлагдсан улс орны эдийн засгийг сэргээх, татварыг цэгцлэх, гааль хураах журам гаргах, улсын санг арвижуулах зэрэг олон ажлыг эхлүүлж чадсан юм. Гэвч тухайн цаг үеийн хяслаантай байдал, улсын санхүүгийн унаж доройтсон байдал зэрэг нь ихээхэн бэрхшээлтэй байв. Гэвч удалгүй хэдхэн сарын дараа Ардын хувьсгал ялж, Унгерн баригдсанаар тэрээр Сангийн сайдын албыг өгсөн юм. Харамсалтай нь түүнийг 1922 онд Цэвээн тэргүүний хэрэг хэмээн зохиомол хэрэг үүсгэн цаазалсан юм. Энэ цаазалсан шалтгаан нь “... Ардын цэргийг / хувьсгалчдыг/ Хүрээнд орж ирэх тулгамдсан цагт тусгай хүн зарж, барон Унгернд захиа нэвтрүү­лэн талархсан учирт буруушааж, түүний биеийг барин үүрд хорих ял оноож байснаа удалгүй 1921 оны 8 сард Бодоо нарын хэргийн өмнөхөн санаа хорсож, гадаад улсаас тусламж эрэх буюу баруун хязгаар хятад, монголын хилийн орчим сууж дотоод гадаадын хүн газар орныг түйвээж бүхий харгис Дамбийжанцанг урьсан хэмээх үндэслэлээр шийтгэжээ.