Jump to content

Лууван тариалах (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургалтын хугацаа: 90-120 хоног

Соёололтын температур: 7-30*С

Хөрс: Лууванг тариалахад элсэрхэг сул хөрс тохиромжтой.

Нягтаршил: Мөр хоорондын зай 20- 30 см, ургамал хоорондын зай 10 см

Хамт тариалах ногоо: Шар лууванг улаан лууван, салад навч, сонгинотой хамт тариалж болно.

Шар луувангийн үр тарихад анхаарах зүйлүүд:

1. Шар луувангийн үр нь найрлагандаа эфирийн тос агуулдаг тул хөөж дэвтэхдээ бусад ургамлын үртэй адилгүй байдаг. Үр дэвтээлт 24-36 цаг.

2. Тариалах талбайн хөрсийг тухайн жилдээ бууцан бордоогоор бордоогүй эсвэл өмнөх жил нь бордоод өөр ургамал тариалсан өмнөх талбай байх нь зүйтэй.

3. Ургалтын эхэн үедээ хог ургамалд дарагдах нь маш амархан учраас үрслэгээний хэмжээнд анхаарч байх нь зүйтэй.

4. Булцуу томрохын хэрээр усалгаа их шаардаж, их халуун өдрүүдэд навч урвайж хөрсөө нална мөн хөрс луувангийн оройн нахиа үндэсний хүзүү орчмоор хагсаж хөрс хагардаг. Маналт сайн хийж усалгааг цаг уурын хуурайшилттай уялдуулж хөрсийг чийглэг байлгах нь зүйтэй.

Хөрс боловсруулах

Шар лууван ургуулахад гол анхаарах зүйл бол хөрс боловсруулах юм. Өмнөх жилүүдэд Umberilaceae буюу шүхэр цэцэгтний овгийн яншуй, цоохор майлз, гоньд ургуулсан талбайд давтан тариалж болохгүйгээс гадна уг ургамалтай ижил хэлбэр зүйтэй үндэс үртэн ногоо болох манжин, төмс, хүрэн манжингийн дараах давтан тарилт төдийлөн сайн биш. Хөрс боловсруулалтыг хийхдээ бусад үндэс үртэнгүүдийн хөрс боловсруулалттай ижил хамарлах бөгөөд хамарлаж засаж буй хөрсний зузаан 25-27 см байвал үндэс үр сайн хөгжиж ургах боломжтой.

Тариалалт

Мөрлөж суулгах: Үрийг мөр хооронд 20-30 см-ийн зайтай 1-2 см-ийн гүнд суулгана. Жижиг үрийг 1см-н гүнд суулгаж болох боловч соёололтын хугацаа удаан байдгаас өнгөн үед суусан үр сэнсрэх магадлалтай.

Арчилгаа

Шар лууван ургалтын эхэн үедээ маш эмзэг арчилгаа шаарддаг учир нь үрийн соёололт удаан 10-20 хоногийн дараа соёолж гарч ирдэг, мөн энэ хугацаанд хөрс хуурайших хог ургамалд дарагдах нь амархан.

Соёололт жигдэрсний дараа өтгөн шигүү тарьсан үед ургамал хооронд 10 см байхаар цөөлөлт хийнэ. Цөөлөлтийг ургалтын эхэн үед 1-2 удаа, 3 дахь цөөлөлтийг түүвэрлэн хураах маягаар цөөлж тордох нь илүү үр дүнтэй.

Шар лууван, улаан лууванг хамт тариалах:

Тариалалтын үеэр улаан лууван, шар луувангийн үрийг зэрэг суулгаж болно. Улаан лууван нь богино хугацаанд ургадаг ногоо бөгөөд хурдан хугацаанд соёолж хурдан ургадаг ба мөрөөр тариалахад танихад хялбар байдаг. Улаан луувангийн навч шар луувангийн үрийг соёолоход сүүдэрлүүлж хөрсний чийгшлийг хадгалж хуурайшихаас сэргийлдэг тул хамт тариалахад тохиромжтой.

Дараа нь улаан луувангаа хурааж авахын зэрэгцээ шар луувангийн таналтыг хийх цаг хугацааг хэмнэдэг.

Ингэж тарьснаар талбай ашиглалт сайжрахаас гадна хоёр ногоог нэг дор тариалж мөн таналт хийх цаг хэмнэх ач холбогдолтой юм.