Луут хот
Луут хот буюу Лүн Чан -Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл хот. Луут хот нь тухайн цаг үедээ хаад язгууртны тансаг зэрэглэлийн зуны нийслэл байжээ. Хамгаалалтын бус саравч бүхий вааран дээвэртэй хоёр давхар хэрмээр хүрээлэн хамгаалагдсан бөгөөд хотын дөрөвний нэг нь усан сантай байснаараа онцлог юм. Мөн хэрмийг тойрч хүрээлсэн “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх ханзаар бичсэн чимэглэл хааны сүр хүчийг илэрхийлсэн төдийгүй Шаньюйгийн ордон мөн гэдгийг нотолжээ. Тухайн цаг эриндээ хотын төвдөө усан сантай, саравч бүхий хэрэмтэй хот дэлхийд хаана ч байгаагүй аж.
Эрэл хайгуулын ажил
[засварлах | кодоор засварлах]Доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангай тэргүүтэй шинжээчдийн баг 2010 оноос хойш Хүннүгийн улс төрийн төвийн талаар судалгаа хийж эхэлсэн байна. Архангай аймгийн Өлзийт суманд 2017 онд малтлага судалгааны ажлыг эхлүүлэх үеэр эртний Луут хотын туурийг илрүүлж олсон гэж албан ёсоор олон улсад зарласан байна. Харамсалтай нь, санхүүгийн бэрхшээлийн улмаас уг ажлыг түр хойшлуулсаар 2019 онд тус хотын тууриас Хүннү гүрний үетэй холбоотой гэж үзэх сэжүүр олсон байна. Ер нь вааран дээвэртэй барилгын хэлтэрхий Хэрлэн голын сав газраас бусад хангайн нутгаар олддоггүй. Гэтэл хангай нутагт байх эртний хотын тууриас вааран дээвэртэй барилгын хэлтэрхий олдсон нь Луут хот болохыг нотлох нэгэн гол үндэслэл болжээ.
2010-аад онд Хүннү гүрний судлаачид хүннүгийн үеийн булш Азийн хэмжээнд 7000 орчим буйн 5000 нь Монголд байгаа гэсэн тоо баримт мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж байжээ. Тиймээс Монголд илрээд байгаа 5000 хүннү булшны тоо баримтад тулгуурлан судалгааныхаа ажлыг Т.Идэрхангайн багийнхан хийж гүйцэтгэхэд тэдгээрийн 1500 орчим нь хүннүгийн хаад язгууртны оршуулгын газарт байсан. Үлдсэн 3500 орчим булшнаас 1335 нь Тамирын голын сав газарт байсан нь Хүннү гүрний гүрний хамгийн олон булшны төвлөрөл тэнд байгаа нь тодорхой байсан гэдэг. Тэгээд л дахин Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумын нутгаар тандалт хайгуул судалгаагаа эрчимжүүлсэн байна.
Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, зохиолч, судлаач Ж.Дашдаваа "Төрт ёсны анхны улс Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюй хаан, хэд хэдэн орд харш бариулж, тэдгээртээ нүүдэллэн суудаг байснаас Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 дүгээр онд Хүннү улсын нийслэл Луут хотыг Орхон голын хавь газар байгуулсан тухай түүхийн эх сурвалжуудад баттай тэмдэглэн үлдээжээ”. Эртний Хятадын түүхчдийн бичсэн “Ши цжи” буюу “Түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж бичгүүдэд баруун хойд зүгийн нүүдэлчин аймаг цөмөөр лууг шүтдэг учир тахилга хийдэг газрыг луугаар нэрлэж Луут хот гэсэн юм... Луут буюу Лун чан хотын нэр МЭӨ 85 он хүртэл түүхийн бичигт байдаг боловч түүний туурь ор үлдэц нь чухам хаана байгааг өнөө хүртэл хараахан олж тогтоож чадаагүй байсан юм. Хүннүгийн Луут хотын туурь мөн болох нээлт нь дараах баримтуудаар нотлогддог. Нэгдүгээрт, Орхон, Тамир, Хүнүй, Хануйн голуудын их ай сав газар бол нэн эртнээс нааш угаасаа л нүүдэлчин монголчууд бидний дээдэс хүннүчүүд түүний дараах залгамж үеийн улсуудын аж төрж амьдрахуйн төвлөрөл, ханьлиг овог аймгийнхны бөөгнөрөл болсон уугуул өлгий нутаг. Энэ бүс нутагт одоогоор Монголд илрээд байгаа Хүннү оршуулгын нийт булшны гуравны нэг нь, үүний дотор дээдэс язгууртны булшны бараг тал хувь нь, эдүгээ Ази, Европ тивд илрүүлэн судалж буй Хүннүгийн гучаад хотын арав гаруй нь төвлөрч байгаа нь том нотолгоо. Хоёрдугаарт, одоогоор мэдэгдээд байгаа судалгаанаас үзвэл, Луут хотын орд харш, хүрээ хэрэм, барилга байгууламжууд нь өвөрмөц загвар уран хийцтэй, хэмжээний хувьд том, гоёл чимэглэл нь гойд урлагтай байгаа нь Их хааны тансаг ордны шинж байдал дээд зиндааг илтгэнэ. Археологийн тандалтын малтлагаар Луут хотын туурийн нуранги дотроос Хүн нар буюу хүннүчүүд их хаанаа хүндэтгэж, "Тэнгэрийн хүү Шань юй Тэнгэр шиг өнө мөнх мянга түм насал" хэмээн унаган эх хэлээрээ шүтэн биширч хэлэлцдэг ерөөлийн үгсийг эртний үсгээр бичиж хэвлэсэн бичээстэй дурсгалын “гохтой буюу хараа” гэж нэрлэгддэг ваар олноор олдож байгаа нь өнөөгийн хэллэгээр бол Их хааны нэрийн хуудас болж түүний төрийн ордон энд баригдсаныг давхар нотолдог. Гуравдугаарт, Луут хотын төв хэсгийг 550х 550 метрийн хэмжээст газарт буюу тухайн үеийн Хүннүгийн орд балгадаас хамгийн том талбайд барьсан давхар хэрэмтэй ордны анхных нь болж байгаагаараа онцлог юм. Энэ нь Их хааны ордны сүрлэг дорвилог байдлыг илтгэнэ. Одоогийн нээлт нь энэ мэт баримтуудтай таардаг" гэжээ.