Jump to content

Лхам бурхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лхам бурхан - монгол хэлээр хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр гэх бөгөөд машид Балданлхам юм.

Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив өвчин, муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл нь бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтаны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам бурханыг улирал бүрд тахина. Дөрвөн улирлын тахилгад дөрвөн өнгө, дөрвөн өөр унаа хөлөгтэй байдаг тул Хар лхам (шар луус хөлөгтэй), Ремоде лхам (Улаан лхам, хөх үхэр хөлөгтэй), Лхам дүнжмаа (Шар Лхам, согоо хөлөгтэй), Рэгви лхам (Хөх лхам, тэмээ хөлөгтэй) гэх мэт өөр өөр олон нэртэй байдаг аж.

Эрт цагт Дүртэдийн орон буюу буяны мөр хөөсөн олон архад нарыг тавьдаг газарт найман хамгаалагч байсны нэг нь Балданлхам юм. Лхам нь Балданлхам гэдэг нэр авахаасаа өмнө Эх мам гэдэг нэртэй найман Намсрайн нэг Замбалын нөхөр байжээ. Мам гэдэг нь аливаа тотгор, тэрсүүдийг хорлохдоо таалагч хүсэл төрүүлж, завхай зайдан, бөөр доод биений өвчин тусгадаг хорлолтой амьтан юм.

Дүртэд буюу үхээрийн эзэн нь урьд цагт Хурмаст тэнгэрийн бумбатай рашааныг хулгайлан зугтжээ. Хурмаст тэнгэр араас нь хөөтөл далай руу орчиж гэнэ. Хурмаст рид хувилгааны хүчэр далайн усыг буцалгахад мөнөөх Дүртэд ялзран араг яс болоод хойшид хулгайч нарыг хөнөөж амьтаны эдийг хамгаална гэж байнгын тэр дүрээрээ оршжээ.

Ирээдүйн шашны сахиус Эх мам нь их шаргуу лус бүгдийг боол зарцаа болгон эд хогшил, сан хөмрөгийг тэнцэлгүй ихээр буй болгодог болжээ. Энэ үеэст галт уул бадарсан үхээрийн газраас Чагнаадорж (Очирваань) Эх мамыг тангарагт оруулан адислаж Доржналжирмаа (Нархажид) хэмээн нэртэй болгожээ. Ийнхүү мам байснаа төрөл дээшилсээр Балданлхам бурхан болжээ.

Гандантэгчилэн хийдэд сар бүрийн 29 –нд арван хангал, сахиусаа ихээр тахидаг бөгөөд өвлийн сүүл сарын 30-нд Лхам бурханаа тахиж Цэдэр лхамаа хурдаг. Цэдэр лхамын уншлага тахилгын бүрээн дууг сонссон хүн гурван тамын зовлонгоос гэтэлдэг аж.

Гомбо, Чойжоо, Лхам гурвыг бурханы шашныг сахин хамгаалагч, үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиусууд гэдэг учир Богд лам ихэд нандигнан шүтдэг байжээ.

Лхам нь өвлийн сүүл сарын битүүнд Замбуу тивд өвлийн бараан өнгөт дүрээр ирэхдээ айл бүрийн идээ будааг таалж ууцны үзүүрийн өөх, шагай чөмөгний толгойн өөх хоёрт Лхам бурхан мутраа хүргэснээр тэр хоёр өөх царцдаггүй болсон гэдэг. Зарим айл Лхамд идээ бэлтгэж байна гээд гэрийнхээ завагт шагай чөмөг, бусад идээг нууж хонодог байжээ.

Монголд Лха бурханыг нийтээр шүтэх боловч Лхамын дацан хурал цөөн байжээ. Их хүрээний Лхамын сүм, Чойжин ламын Лхамын дуган гэж алдартай байв. Харин хөдөө орон нутагт Заяын шавь нутаг хойд Тамир голд (өнөөгийн Батцэнгэл сумын нутагт) Лхамын хурал, Лхамын дэнж гэж бас байжээ. Зая гэгээнд Лхам бурхан өргөх болсон тухай Хэвтээ толгой гэдэг домог хууч бий. Тамир голын Лхамын хурлыг баруун хязгаар Ханхөхүйгээс Элжигэн ноён Лу гүн ирж бариулаад Зая гэгээний шинэ дүрд тус сүмийг өргөсөн гэдэг түүхтэй. Тиймээс Лхамын тэр сүмд нутгийн лам нартай хамт Элжигэн халх хошуунаас тахилч лам заавал ирж байнга суудаг учиртай байжээ. Ханхөхүй дэхь Элжигэн хошууны нийтийн шүтээн нь Лхам бурхан байсан ба ноёд нь Гомбо махбал бурханд сүслэдэг байв.

Лхам бурханы дүр байдал- Зүүн зүгийн цус холилдсон их далайн дундхар салхины хуйн хүрээн дотор шар хул луус хөлөглөсөн мангасын арьсан гөлөмтэй, эмээлтэй, хорт могойн хазаар хөмгөлдрөгтэй, “Жо” үсэгнээс гарсан цогт охин тэнгэр Ремодэ хэмээгч хөхөмдөг биетэй, нэг ам, хоёр мутар, гурван улаан мэлмийтэй, баруун мутартаа очирыг бэлгэдсэн бэрээ барьж тангараг дорой буурагсадыг далайсан байдалтай, зүүн мутартаа дүүрэн цустай гавалыг зүрхэний тус газартай барьсан, нүүр нь маш тунгалаг бөгөөд дөрвөн их хурц соёо нь сүр жавхланг бадруулна. Тэрсүүдийн хүүрийг идэж Ла Ла гэх инээдээр луугийн дууг дуурсгана. Гурван улаан мэлмий нь цахилгаан мэт гялалзан хилэнгийн атирааг хуйлруулна. Тэргүүний үс нь дээшээ дэлгэрэн цацарч хөмсөг ба сахал нь галав юүлэх цагийн эцсийн гал мэт машид бадраан баруун чихээ арслангийн дүрс, зүүн чихээ могойн дүрсээр чимэглэжээ. Хатсан хуурайтаван хохимой толгойгоор тэргүүнээ чимэж цус цувирсан тавин хохимой толгойн шидэм эрхтэй.

Биедээ цусан толбо ба гурван хурууны зурагтай үхдэлийн үнсний хэсгээр биеэ будаж, оройдоо сарыг залж хүйсэндээ нарны хот мандалыг оршоосон байна.

Хар торгон баринтаг, хүний арьсан дэвсгэр хэрэглэж хар өрөмгөөр дээд биеийг бүрхэн барсын нойтон арьсан хормогч нь хоёр могойг зэрэгцүүлэн хээлж хийсэн бүслүүртэй ажээ.

Хазаарын урд хэсэгтээ эхээсээ авсан өвчний туламыг хадгалсан, эвхмэл мэсэн аргамжийг гадагшаа унжуулсан, мөн эхээсээ авсан цаазын модыг бүсэндээ сэрээлж тогосын өдийг хатгажээ.

Зарим сударт Лхамыг толгой дээрээ нар сарыг зүүсэн, ар талдаа арслан толгойтой луу (тэнгэр)–с шавдаж буй мэт байрлуулсан байдаг юм.

Лхам бурханд наминчлан мөргөхдөө:

“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуй номын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч, үргэлж тул амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтэнийг номхоруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.

Лхам бурханы зүрхэн тарни - “Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум” хэмээх тарнийг долоон үе болгон уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж нас буян нэмдэг гэж үздэг. Долоон үе болгон уншиж байгаа нь дээд тахил болдог нууц увидастай ажээ. Балданлхам бурханы зүрхэн тарни нь шашны дайснуудыг номхруулж, хатуу үйлийг буцаан, муу хувь тавилангаас гэтэлгэнэ.