Jump to content

Лхасүрэнгийн Моломжамц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лхасүрэнгийн Моломжамц (1961 оны 10-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн - 1998 оны 5-р сарын 14-нд нас барсан) Монголын Урчуудын Эвлэл-ийн нэрэмжит шагналт зураач, МУЭ-гишүүн, Монголын Социал-Демократ намын гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, СУИС-ийн багшаар тус тус ажиллаж байв.

Лхасүрэнгийн Моломжамц Улаанбаатар хотод төрж өссөн. Анх таван настайдаа зураг зурж өвөөдөө магтуулан өхөөрдүүлж байсан гэдэг.

Дунд сургуульд байхдаа "Международный детский фестиваль СССР-74" 1974 оны Зөвлөлт холбоот улсын хүүхдийн наадамд “Хөгжлийн зам” зургаараа алтан медаль 1-р байр эзэлсэн. Унгарын Занкагийн Хүүхдийн бүтээлийн галерейгаас (Gyermekalkotások Galériája) зохиогдсон Олон улсын хүүхдийн зургийн уралдаанд “Буурын ноцолдоон” зургаараа 1976 онд оролцсон.

"Международный детский фестиваль СССР-77" 1977 оны Зөвлөлт холбоот улсын хүүхдийн "Манай гаргийн хүүхдүүд" наадамд зургаараа оролцон мөнгөн медаль хүртэж, Артек олон улсын хүүхдийн зусланд амарч байсан. Энэтхэгийн Шанкарын олон улсын хүүхдийн зургийн уралдаанд, 1977 онд "Хөдөө нутаг" зургаараа оролцож мөнгөн медаль хүртсэн. "Biiku Bunka Kyokai (Япон улсын урлагийн боловсролын сан) & Nippon Television Network Cultural Society"-н 13 дахь удаагийн олон улсын хүүхдийн үзэсгэлэнгийн мөнгөн медаль.

Улаанбаатар хотын Октябрийн районы 10 жилийн 42-р дунд сургуульд суралцаж 8-р ангиа сайн дүнтэй төгсөж, өөрийн авьяас сонирхлын дагуу Дүрслэх Урлагийн Дунд Сургуульд зургийн ангид орж суралцаад 1981 онд төгссөн.

Ингээд Сэлэнгэ аймгийн Урчуудын Эвлэлд зураачаар томилогдон очиж ажиллаж, уран бүтээлийн ээлжит үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцсоор байж. Ингээд 1984 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хорооны Монументаль чимэглэлийн үйлдвэрт гүйцэтгэх зураачаар ажилласан. Мөн 35-р гуанзны чимэглэлийн ажил, Дэлгэмэл дэлгэцтэй кино театрын чимэглэлийн ажилд гар бие оролцож байв.

Улмаар 1989-1995 оны хооронд ЗХУ-ын Санкт-Петербург (тухайн үеийн Ленинград) хотын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг монументаль чимэглэлийн уран зургийн зураач, урлаг судлалын магистрын зэрэгтэй суралцаж төгссөн.

Уран зургийн мэргэжлийн багш нар нь Монгол улсын төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач С.Дондог, Орос улсын ардын зураач Глеб Александрович Савинов, Орос улсын гавьяат зураач Олег Иванович Кузнецов.[1]

Өөрийн бие даасан үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 1997 онд гаргасан.

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагналыг "Шивнээ", "Алтан намар" бүтээлүүдээрээ 1997 оны 12-р сарын 25-нд хүртсэн.

Тэрээр хуучнаар Засагт ханы эрдэнэ бэйсийн хошуу, Хан Тайшир уулын аймгийн Сутай уулын хошуу (1923-1931), Ховд аймгийн Хайрхан сумын Задгай баг, өнөөдрийн Ховд аймгийн Чандмань сумын зүүн урд хэсэг Талын булаг багаас гаралтай Олхонуд овгийн хүн.

Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгийн бүтээлүүд:

  • "Анужин"
  • "Цэлмэг өдөр"
  • "Оюутны өрөө"
  • "Найр"
  • "Талын дуу"
  • "Талын айл"
  • 1991 онд "Нарлаг өдөр"
  • 1992 онд "Чулуунууд"
  • 1993 онд "Цагаан натюрморт".

Байгалийн сэдэвт уран зургийн уралдаанд "Дөрвөн улирал" цуврал зураг нь хоёрдугаар байранд шалгарсан (1995 он).

Урлаг судлаач Д.Дашбалдан агсан Үнэн сонинд бичсэн нэг нийтлэлдээ зураач Л.Моломжамцын "Партизаны гудамж", "Эмээ бид хоёр" бүтээлүүдийг үнэлэн бичсэн байдаг.

Хөдөө нутаг, байгалийн сэдэвт зураг зурж байсныг урлаг судлалын ухааны доктор М.Батзориг өөрийн багшийнхаа тухай бичсэн нийтлэлдээ: "Монголын байгалийн зурагт үзэгдэл болсон бүтээлийг нэрлэ гэвэл би Б.Чогсомын “Хоргын дуулал”, “Говь”, Л.Гаваагийн “Нутгийн бараа”, Г.Орсоогийн “Борооны өмнө”, До.Болдын “Орхоны хүрхрээ”, Ц.Энхжин, Ц.Нарангэрэл нарын тал нутгийн цуврал, Л.Моломжамц, Х.Ганбат нарын зарим нэг зураг, С.Дагвадоржийн “Үенчийн хавцал”, Ч.Ичинноров зураачийн ерээд оны үеийн зургуудыг нэрлэнэ."[2] гэж дурдсан байв.

Түүний бүтээлүүд уран зураг цуглуулагч МУИС-ийн профессор, геологи эрдэс зүйн шинжлэх ухааны доктор Ж.Бямба [3], Монгол Улсын Ардын багш, профессор Л.Дашням[4] нарт байна.

Эхнэр Баасангийн Энхтуяа, хүү Моломжамцын Анужин.

  1. Пүрэвжавын, Пүрэвсүрэн (1996.10.05). "Зам дөнгөж эхэлж байна". ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ. х. 1. {{cite news}}: |archive-date= requires |archive-url= (help); Check date values in: |date= and |archive-date= (help)
  2. Mart, Batzorig (2020-11-29). "Билиг танхай зураач". Medium (Англи хэлээр).
  3. "Ж.Бямба: Геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нэгдмэл байх ёстой". www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб.
  4. "Л.Дашням: Монголын оюуны их өв сан, зургууд, зураач нараас холдомгүй байна". MONTSAME News Agency (Англи хэлээр).