Людвиг Минкус
Людвиг Минкус (герман. Ludwig Minkus; 1826 оны 3-р сарын 23-нд Австрийн Вена хотод төрж, 1917 оны 12-р сарын 7-нд Вена хотод нас барсан) — Австрийн хөгжмийн зохиолч, хийлч, хөгжмийн удирдаач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг эх нь Моравиас гаралтай еврейчүүд байсан бөгөөд тэд католик шашинд орж, Венад суурьшжээ. Түүний эцэг Теодор Иоханн Минкус дарсны худалдаачин байсан бөгөөд Венад жижиг найрал хөгжим тоглодог ресторан ажиллуулдаг байжээ. Бага наснаасаа хөгжимд автсан Минкус 4 настайгаасаа хийл тоглож эхэлсэн бөгөөд 12 настайдаа Вена дахь "Хөгжмийн Найзуудын Нийгэмлэг"-т хөгжим судалж эхэлжээ. Людвиг Минкусын анх 8 настайдаа олон нийтийн өмнө тоглолт хийсэн бөгөөд хөгжмийн шүүмжлэгчид түүнийг удалгүй гайхалтай авьяаслаг хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Людвиг Минкусын хийлд зориулсан анхны бүтээлүүд 1846 онд хэвлэгдсэн. Үүнтэй зэрэгцэн тэрээр хөгжмийн удирдаач болж хүчээ сорьсон. 1852 онд тэрээр Венийн Хааны Дуурийн тэргүүн хийлчний албан тушаалд очсон.
1853 онд тэрээр Оросын Санкт-Петербург руу нүүж, хунтайж Юсуповын гэрийн театрын найрал хөгжмийн найруулагчийн албан тушаалыг хашиж байжээ (1853–1855). 1855 онд тэрээр Мари Антуанетта Шварцтай гэрлэж, 1856-1861 онуудад Москвагийн Эзэн хааны Большой театрт тэргүүн хийлчээр ажиллаж, удалгүй хийл тоглохын зэрэгцээ хөгжмийн удирдаачийн ажилтай хослуулж эхэлсэн юм. Москвагийн консерватори нээгдсэний дараа түүнийг тэнд хийлийн хичээл заах багшаар урьсан байна.
1890 онд Австри руугаа буцаж ирээд 1917 онд нас бартлаа тэндээ уран бүтээлээ туурвиж байжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Түүний үндсэн зохиолууд (зөвхөн бие даасан хөгжмийн зохиолууд): «Дон-Кихот», «Алтан загас», «Фиаметта», «Баядерка», «Ид шидийн эм», «Камарго», «Калькабрино», «Фетида Пелей хоёр».
Людвиг Минкус балетын өвөрмөц мөн чанарыг гүнзгий ойлгож, өндөр түвшний мэргэжлийн ур чадвартай байв. Түүний баяр баясгалантай, аялгуулаг, хэмнэлтэй хөгжмөөр дүүрэн балетууд нь өнөө хүртэл дэлхийн тэргүүлэх театруудын репертуарын нэг хэсэг хэвээр байна.