Jump to content

Лүнтэнгийн Батчулуун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лүнтэнгийн Батчулуун (1947-2024) нь Монголын дүрслэх урлаг судлаач.

Тэрээр 1947 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд Лүнтэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Бага залуу наснаасаа эхлэн дүрслэх урлагийн салбарт ажиллаж 1970-аад онд ДУДС-ийн багш, 1975-1989 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор, 1989 оноос СУСХ-ийн секторын эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашиж дөч гаруй жил эрдэм судлалын ажилд тууштай зүтгэж, тухайн салбарын тулгын чулууг тавилцсан эрдэмтэн.

Л.Батчулуун "Монгол хээ угалзны бүтэц төрөл зүйл" (1991) сэдвээр Урлаг судлалын ухааны доктор (Ph.D), "Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо" (2003) нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлээр Урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэргийг (Sc.D) тус тус хамгаалж, дэд профессор (1995), профессор (2004), Хүмүүнлэгийн академийн жинхэнэ гишүүн (1995) цол хүртжээ.

Доктор Л.Батчулуун "Монголын нэвтэрхий толь" (1999), "Дэлхийн урлагийн түүх" (2000), "Монголын түүх, соёлын атлас" (2003), "Бигэрийн товчоон" (2004), "Дурслэх урлаг судлал" (2009), "Монголын соёл урлаг судлал" (2010) зэрэг "Монголын шинжлэх ухаан" 108 ботийн 20-25-р боть, "Монголын биет бус соёлын өв" (2011), "Урлах ухааны нууц" (2011) зэрэг гуч гаруй томоохон хамтын бүтээл туурвилцаж, 300 гаруй өгүүлэл нийтэлжээ.

  • Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал (1999)
  • Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүний ажилтан
  • Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан
  • Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит шагнал
  • Алтан гадас одон (2005)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2012)