Лө Бүржэ (олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн)
Олон улсын нисэх онгоцны Парис-Лө Бүржэ үзэсгэлэн (франц. Salon international de l'aéronautique et de l'espace de Paris-Le Bourget, буюу товчоор Лө Бүржэ; франц. Le Bourget) —Лө Бүржэ нисэх онгоцны буудалд (Парис хотоос зүүн хойд зүгт 12 км) хоёр жилд 1 удаа болдог дэлхийн хамгийн том нисэх онгоцны үзэсгэлэн юм.

Нисэх онгоцны анхны үзүүлбэр 1908 онд Парис хотод автомашины шоуны хүрээнд болсон. Дараа жил нь 9-р сарын 25-аас 10-р сарын 10 хүртэл Францын нийслэлд нисэх онгоцны анхны төрөлжсөн үзэсгэлэн болж 380 компани оролцож, агаарын бөмбөлөг, онгоц, хөдөлгүүр зохион бүтээх чиглэлийн ололт амжилтыг харуулсан байна. Үзэсгэлэн амжилттай болж, тогтмол жил бүр зохион байгуулагддаг байсан бөгөөд 1924 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулахаар шийджээ.
1924 онд үзэсгэлэнд Их Британи, Герман гэх гадаадын оролцогчид анх удаа оролцсоны дараа агаарын шоу олон улсын статустай болсон түүхтэй. 1953 он хүртэл энэхүү салон нь Елисейн талбайн ойролцоох Гранд Палеад болдог байв. Дайны дараа 1949 онд Парисаас өмнө зүгт 14 км-т орших Орли нисэх онгоцны буудалд үзмэрүүдийн нислэгийн чадварыг анх удаа үзүүлэх болжээ. 1953 оноос хойш салон-үзэсгэлэн Лө Бүржэ нисэх онгоцны буудалд байнга болдог болсон юм.
2011 оны 49 дахь агаарын онгоцны шоу болж 2100 гаруй компани оролцож, 150 онгоц үзүүлсэн байна. Гурав хоногийн турш агаарын шоуг 465 мянган хүн үзсэн байна.2015 оны 51 дахь агаарын шоу 6-р сарын 15-аас 21-ний хооронд зохион байгуулагдахад 50 орны 2260 компани оролцсон. Агаарын шоуг нийт 351 мянган хүн үзсэн байна.
Гарсан осолууд
[засварлах | кодоор засварлах]- 1961 оны 6-р сарын 3-нд Америкийн В-58 бөмбөгдөгч онгоц сүйрчээ. Багийн бүх 3 гишүүн нас баржээ.
- 1965 оны 6-р сарын 15-нд Америкийн В-58 бөмбөгдөгч онгоц сүйрчээ. Багийн 3 гишүүний нэг нь нас баржээ.
- 1965 оны 6-р сарын 19-нд Италийн G.91 сөнөөгч бөмбөгдөгч онгоц сүйрчээ. Нисгэгч хөөрсөн боловч нас барж, дахин 10 хүн газар дээр нас баржээ.
- 1973 оны 6-р сарын 3-ны өдөр Зөвлөлтийн Ту-144 онгоц үзүүлбэр нислэг үйлдэж байхдаа осолджээ. Багийн 6 гишүүн бүгд нас баржээ.
- 1977 оны 6-р сарын 3-нд Америкийн А-10 довтолгооны онгоц сүйрчээ. Нисгэгч нас барсан.
- 1989 оны 6-р сарын 8-нд Зөвлөлтийн МиГ-29 сөнөөгч онгоц сүйрчээ. Нисгэгч Анатолий Квочур амжилттай тусгай төхөөрөмжөөр онгоцыг орхисон.
- 1999 оны 6-р сарын 12-нд Оросын олон зориулалттай Су-30 сөнөөгч онгоц сүйрчээ. Багийн хоёр гишүүн хоёулаа амжилттай онгоцыг орхисон байна.
Албан ёсны цахим хуудас: https://www.siae.fr/