Майдарын Дашренчин
Дашренчин Майдарын(1880-1927). Алдарт дуучин, их аварга М.Дашринцэн нь хуучин Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уулын өвөрт 1880 он буюу цагаан луу жил ядуу ард Майдарын ахмад хүү болон мэндэлжээ. Тэрээр Шүхэр засгийн хазгар Амбаа гэгч дуучаар маш олон дуу заалгасан гэдэг. М.Дашринцэн 7-8 наснаасаа эхлэн сур, шагайн уухай хийж, хурдан морины гийнгоо дуулж, цээл сайхан хоолойгоороо тодорч байжээ. Дуулахын зэрэгцээ тэр хуур хөгжим оролдох болов. Хошууны ноён Сүжигт бэйс Дэмчигваанжил нь өөрөө дууч, хуурч хүн байсан учир хошууныхаа дууч, хуурчдыг цуглуулан сорилт явуулдаг байлаа. М.Дашринцэн сайн барилдаж, Сэцэн хан аймгийн нэрд гарсан бөхчүүдийг хаядаг болж, Хан Хэнтий уулын их тайллага хийхэд хэд хэдэн удаа дээгүүр барилдаж сүүлдээ даншигт барилдан нэрд гарсан сайн бөх болж аварга цол хүртсэн юм(1908, 1912, 1914 оны даншигт гурван удаа түрүүлсэн). М.Дашринцэн нь жирийн нэг тэнхээлэг хоолойтой дууч байсан төдийгүй чухамдаа уртын дууны онцлог, дууны утга, дуу бүрийн өвөрмөц ялгааг сайн мэдэж, дуулах арга барилыг дуучны хоолой намбад тааруулан дуулдаг байжээ. Ардын хувьсгалын анхны жилүүдэд тэрээр хүрээнд суурьшиж дуу хуур оролдон мэргэшиж байсан юм. Шинэ монголын алдарт дууч Магсар хурцын Дугаржав нь энэхүү М.Дашринцэнгийн шавь дуучин байжээ. Тэр бол найранд нилээд хэдэн айзам дуу дуулан нарийн шуранхай хийхэд тэнд байсан эмэгтэйчүүдийн хоолой нарийн аянд нь хүрэхгүй байсан ба харин бүдүүнд нь дагах хэн бугай ч байгаагүй гэлцдэг. Төрийн их дууч М.Дашринцэнгийн гарамгай дуулдаг дуунууд олон байсан бөгөөд түүний дотроос “Түмний эх”, “Замбуутив”, “Хуурын магнай”, “Дөмөн” зэрэг дууг тэр үеийн зүүн аймгийн аялгуу, тэр дундаа ихээхэн онцлогтой гоёмсог, цэвэр хийцтэй “хардал” аялгуугаар гайхалтай дуулдаг байжээ. Д.Дашдорж, С.Цоодол нарын номоос.