Майя Санду

Майя Санду (рум. Maia Sandu; 1972 оны 5-р сарын 24-нд ЗХУ-ын Бүгд Найрамдах Зөвлөлт Молдав улсын Фалешт мужийн Рисипены тосгонд төрсөн) — Молдавын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 12-р сарын 24-нөөс Молдав улсын Ерөнхийлөгч. Бүгд Найрамдах Молдав Улс 1991 онд тусгаар тогтносноос хойших анхны эмэгтэй Ерөнхийлөгч.
2012 оны 7-р сараас 2015 оны 7-р сар хүртэл Бүгд Найрамдах Молдав Улсын Боловсролын сайд 2014 оны 12-р сарын 9-өөс 2015 оны 2-р сарын 20, 2019 оны 3-р сарын 9-өөс 7-р сарын 26-ны хооронд Бүгд Найрамдах Молдав Улсын Парламентын гишүүн. 2019 оны 6-р сарын 8-наас 11-р сарын 12-ны хооронд Бүгд Найрамдах Молдав Улсын Ерөнхий сайд.
1989-1994 онд Молдавын Эдийн засгийн боловсролын академийн удирдлагын факультетад суралцсан. 1995-1998 онд Бүгд Найрамдах Молдав Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академид олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд АНУ-ын Кембриж хотын Жон Кеннедийн нэрэмжит Харвардын Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр румын, орос, англи, испани хэлээр ярьдаг. Тэрээр Бүгд Найрамдах Молдав, Румын улсын давхар иргэншилтэй.
Майя Санду ганц бие, хүүхэдгүй. Тэрээр Кишинёв хотод 74 ам метр талбайтай хоёр өрөө байранд амьдардаг.
М.Санду 1994 оны 7-р сараас Молдавын Эдийн засгийн яамны гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Европын Холбоотой хамтран ажиллах хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.
Тэрээр 1998—2005 онуудад Кишинёв дахь Дэлхийн банкны төлөөлөгчийн газар — зөвлөх, эдийн засагч байсан.
2010-2012 онд АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байсан.
2012 оны 7-р сараас 2015 оны 7-р сар хүртэл Бүгд Найрамдах Молдав Улсын Боловсролын сайд.
2015 оны сүүлээр Санду өөрийн Европыг дэмжигч "Майя Сандутай хамт нэг алхам хийе" хэмээх улс төрийн хөдөлгөөн байгуулснаа зарлаж, хожим нь "Үйл ажиллагаа ба эв нэгдлийн нам" болсон. 2016 оны 5-р сарын 16-нд болсон намаа үүсгэн байгуулах их хурлаар Майя Сандуг даргаар нь санал нэгтэй сонгосон.
2019 оны 6-р сарын 8-нд тэрээр Бүгд Найрамдах Молдав Улсын 13 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон боловч маргааш нь Үндсэн хуулийн цэц болиулсан байна.
2020 оны 12-р сарын 24-нөөс Молдав улсын Ерөнхийлөгч болсон.