Jump to content

Максимильен Робеспьер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Максимильен Робеспьер

Максимильен Мари Исидор де Робеспьер (франц. Maximilien Marie Isidore de Robespierre; 1758 оны 5-р сарын 6-нд Аррас төрж, 1794 оны 7 сарын 28-нд Парис хотод нас барсан) - Францын хувьсгалч, хуульч, Францын хувьсгалын хамгийн алдартай, нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүдийн нэг юм.

1789 онд Ерөнхий мужуудын хуралд гурав дахь төлөөллийн гишүүнээр сонгогдсон тэрээр удалгүй боолчлолыг болон цаазаар авах ялыг халах, бүх нийтийн сонгуулийн эрхийг дэмжиж 1789 оны Ассемблейд ардчиллын удирдагчдын нэг болжээ. Ззарчмуудаа тууштай баримталж байсан нь удалгүй түүнд "худалдагдашгүй" (франц. L'Incorruptible) гэсэн нэр авчирсан. Якобины клуб байгуулагдсан цагаас нь гишүүн байсан тэрээр клубийн хамгийн алдартай, тэргүүлэгч байжээ.

Тэрээр 1792 онд Австритай хийсэн дайныг эсэргүүцэгч байсан. Хаант засаглалыг унагаж, бүгд найрамдах улсыг тунхаглахыг дэмжсэн бөгөөд Парисын коммуны гишүүн, Үндэсний Ассемблейд (конвент) сонгогдсон байна. 1793 оны 5-р сарын 31-ээс 6-р сарын 2-ны бослогын дараа тэрээр 1793 оны 7-р сарын 27-нд Францын хувсгалын үеийн Нийгмийн аюулгүй байдлын хорооны (франц. Comité de salut public) гишүүн болж, харийн хаант засаглалуудын эвслийн эсрэг дайн болон иргэний дайны нөхцөлд хувьсгалт засгийн газар байгуулахад оролцсон юм.

Парисын коммуны бослого гарсны дараа түүнийг конвент хууль бус хэмээн зарлаж, дараагийн өдөр нь буюу 1794 оны 7-р сарын 28-нд 21 дэмжигчийн хамт шүүх, мөрдөн байцаалтгүй цаазалжээ.