Максим Галкин

Максим Галкин (орос. Макси́м Алекса́ндрович Га́лкин, 1976 оны 6-р сарын 18-нд ЗХУ-ын Москва мужийн Наро-Фомин дүүрэгт төрсөн) — Оросын телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, хошин шог болон пароди буюу бусдыг дуурайж элэглэгч жүжигчин. Израил болон Киприйн иргэншилтэй.
Тэрээр 1990-ээд оны эхээр тайзанд анх гарч телевизийн шоу, хошин шогийн уралдаанд оролцож бусдыг элэглэн дуурайх авьяасаараа алдартай болсон. М.Галкин 2000-2008 онд Оросын "1-р суваг" телевизэд идэвхтэй ажиллаж, "Саятан" шоу зэрэг зугаа цэнгээний хөтөлбөрүүдийг хөтөлж байжээ. 2008-2015 онд тэрээр "Россия" телевизийн сувагтай хамтран ажиллаж, 2015 онд нэгдүгээр сувагт эргэн ирж, 2022 он хүртэл энтертайнмент хөтлөгчөөр ажилласан байгаад Израил руу цагаачилсан байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1976 оны 6-р сарын 18-нд ЗХУ-ын Москва мужийн Наро-Фомин дүүрэгт цэргийн хурандаа генерал Александр Александрович Галкин (1935–2002) болон Наталья Григорьевна Галкина (1941–2004 онд төрсөн овог нь-Прагина) нарын гэр бүлд төрсөн.
Түүний эх физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан байжээ.
Максим Галкиныг 7 настай байхад эцэг нь Зөвлөлтийн армийн хошууч генерал цол хүртжээ. Дараа нь гэр бүл нь Одесса хотод амьдардаг байсан бөгөөд Галкин сургуулийн эхний гурван ангид сурч, хүүхдийн урлагийн студид сурч байжээ. Дараа нь гэр бүл нь Буриад руу нүүж, тэрээр 5-р анги хүртлээ Улаан-Үд хотын №5-р дунд сургуульд сурчээ. Тэд Улаан-Үдээс 30 км, Байгал нуураас 200 км зайд орших "Сосновый Бор" хэмээх цэргийн хотхонд амьдардаг байжээ. Дараа нь гэр бүл Москва руу нүүсэн байна.
Тэрээр 1993 онд дунд сургуулиа төгсөж, Оросын Улсын Хүмүүнлэгийн Их Сургуулийн Хэл зохиолын факультетад элсэн орж, 1998 онд төгссөн байна.
Галкины анхны уран бүтээл 1994 оны 4-р сард болсон: тэрээр Москвагийн Улсын Их Сургуулийн Оюутны Театрт жүжигт тоглосон.
2000 онд тэрээр оросын алдарт Лановой, Харатян, Березина болон бусад уран бүтээлчдийн хамт Чеченьд дайны үеэр очиж, Оросын цэргүүдэд зориулж тоглолт хийсэн. 2002, 2003, 2004 , 2007 онд томоохон бие даасан концертууд хийсэн.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Түүний эхнэр нь ЗХУ, Оросын эстрадын дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачева (1949 онд төрсөн). Тэрээр нөхрөөсөө 27 насаар эгч бөгөөд тэд 2011 оны 12-р сарын 23-нд гэрлэсэн байна. Тэд 2005 оноос хойш хамтдаа амьдарч байсан болон Пугачева 2001 оноос болзож эхэлсэн гэж мэдэгдэж байжээ.
2022 оны 2-р сард тэрээр Орос Украин руу довтлохыг эсэргүүцэж, "Дайныг зөвтгөх аргагүй! Дайн болохгүй!" гэжээ. 2022 оны 3-р сард тэрээр эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Израил руу дүрвэн гарсан. 4-р сард тэрээр Украин дахь Оросын үйл ажиллагааг шүүмжилж, Израилд хийсэн тоглолтоос олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг Украины дүрвэгсдэд туслах санд хандивлаж байгаагаа зарласан. Дайны эсрэг жагсаалынхаа дараа тэрээр Орос дахь бүх сурталчилгааны гэрээ, концертоо алджээ. 2022 оны 5-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний гэр бүл Москвагийн ойролцоох тосгон дахь шилтгээнээ зарсан гэж мэдээлсэн.
ОХУ-ын Хууль зүйн яам 2022 оны 9-р сарын 16-ны өдөр “Украинаас улс төрийн үйл ажиллагаа явуулж санхүүжилт авсан” гэж “гадаадын агент” хэмээх жагсаалтад оруулсан байна.