Манжбазарын Доржпалам
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

Манжбазарын Доржпалам (?-?) нь Монголын язгууртан, Ар Халхын Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошууны жүн ван байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Гэрсэнз Жалайр хун тайжийн залгамжир, боржигэд овог, хиуд ясны хүн байсан юм. Түүний өвөг эцэг Халхын алдарт “То ван” буюу Тогтохтөр ноён 1868 онд нас барсны дараа ахмад хөвгүүн Манжбазар зэрэг хэргэмийг нь залгамжилжээ. Тогтохтөрийн Манжбазар удалгүй 1871 онд нас барж, түүний ахмад хөвгүүн Манжбазарын Доржпалам Бадаргуулт төрийн 10 (1884) дугаар онд засаг төрийн жүн ван залгамжилсан байна.
Доржпалам удам угсаа залгамжилсан эрдэм номтой хүний гэр бүлд төрж өссөний хувьд багаасаа бичиг үсэг сурч, тухайн цагтаа зэгсэн боловсролтой, эрдэм номтой хүнд тооцогдож байв. Гэвч улс төрийн хувьд төдий л сайн төлөвшөөгүй, үзэл бодол нь тогтвортой бус, ашиг завшаан, нэр алдарт дуртай, овжин зальтай нэгэн байсан бололтой. Нөгөө талаар хошуу нутаг нь алс хол халхын зүүн өмнө хязгаарт, Өвөр Монголтой залгаа байсан учир тэрээр өвөрлөгчид болон цаашаа хятад хүмүүстэй нэлээд хэлхээ холбоотой, Манж эхтэй, дорны соёлыг талархан үздэг байсан байж болох талтай. Илдэн жүн ван Доржпалам 1911 оны зун болсон хан ван, ноёд түшмэд, лам нарын зөвлөлгөөнд оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх үйл хэргийг талархан дэмжиж байжээ. Ийм ч учраас Богд Живзундамба хаан ширээнд залран хишиг тархаахдаа түүнд Чин вангийн зэрэг бөгөөд үе улиран Илдэн цол шагнан хүртээжээ.
Үнэн сүжигт Илдэн Засаг хошууны наймдугаар засаг ноён М.Доржпалам 1884-1912 он хүртэл хошуу ноёны албыг 16 жил хашсан бөгөөд 1912 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Дундад Иргэн Улс руу оргон гараад эргэн ирж 1913-1921 он хүртэл нийт 39 жил засаг суусан байна. Энэ хугацаанд 1897-1910 он хүртэл Сэцэн хан аймгийн Чуулган даргаар томилогдож байжээ.
Доржпалам “тэр даруй дээд доодыг мэхлэн харьяат аймгийн дотроос үлэмж тооны тэмээ, мөнгийг албадан авч сэм оргон Бээжинд оргон” одсон байна. Түүний оргон явах болсон шалтгаан нь Богдыг хаан ширээнд залахыг эсэргүүцэж, алтан ургийн ноёдоос хаан сонгох ёстой хэмээн үзэж байсантай нь холбоотой гэсэн мэдээ байдаг боловч түүний Бээжинд очсон зорилго өөр байсан бололтой байдаг. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа Хятадын засгийн газар Богд хаанд захидал бичиж, тусгаар тогтнолоосоо татгалзан Хятадтай нийлэхийг шаардсан боловч Монголын тал үүнийг эрс няцаасан юм. Ийм учраас Хятадын эрх баригчид Бээжинд байсан халхын Сэцэн чин ван Наянт, шинээр очсон ван Доржпалам нарыг ашиглаж, тэднээр дамжуулан Богд хаанд тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгасан захидал бичүүлж, мөн Наянт, Доржпалам нарыг Хүрээнд илгээж, “Монгол Улсыг Дундад улс лугаа найралдуулах гэрээ хэлэлцэнэ” гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү Бээжингийн эрх баригчид Доржпаламыг Хүрээнд илгээж Монголын эрх баригчдыг тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгуулах гэсэн боловч Монголын Засгийн газар түүнийг хүлээн авахаас татгалзаж байв. Гэвч тэрээр 1912 оны хаврын эхэн сард Нийслэл Хүрээнд иржээ.
Шүүх яам ван Доржпаламыг байцаан шүүхэд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ямар ч ял шийтгэл оногдуулсан гомдох зүйлгүй хүлээн авна гэдгээ мэдэгджээ. Ийнхүү Доржпалам өөрийн гэм бурууг хүлээсэн учир Олноо өргөгдсөний хоёрдугаар оны хоёрдугаар сарын 19-нд Богд хааны зарлигаар “Өршөөлийг үзүүлж, үхэх ялыг уучлан хэлтрүүлж”, улсаас цалин пүнлүү өгөхийг хориглосон байна. Мөн түүний дүү Дашдондов, хөвгүүн Пунцагцэрэнжалбуу нарт хүртээсэн бэйсийн болон түшээ гүнгийн зэргийг буцаан хураажээ. Ийнхүү Доржпалам Богд хааны өршөөл хайраар хүнд ялаас хөнгөхөн мултарчээ. Энэ нь түүний өвөг дээдсийн Монголын төрд зүтгэсэн гавьяаг нь ч бодсон байх талтай гэж үздэг. Баруун гараас эхнийх нь Доржпалам Түүний оронд засаг ноён болсон Жамъянчойжилсүрэн 1913 онд “Их орд харшийн газар бараалхахуйд ёсыг зөрчиж явсан учир” засгаас огцруулж, Доржпаламд засгийн хэргэм зэрэг тамгыг дахин олгожээ. Энэ үеэс Доржпаламын байр суур дахин бэхжиж, тэрээр 1915 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар томилогдсон байна.
М.Доржпалам Цэргийн яамны тэргүүн сайдын албан тушаалд богинохон хугацаанд (1915.01.21-1915.10.13) ажилласан тул түүний үйл ажиллагаанд шууд холбогдох баримт хомс байдаг. Олдсон ганц нэг баримтаас дурдвал: Цэргийн яамны тэргүүн сайд Доржпалам Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он өвлийн сүүл сарын 30-ны үеэр Нийслэл Хүрээнд буй бүх цэргийг өөрийн биеэр байцаан үзсэн байна. Энэ үеэр Нийслэл Хүрээнд байсан 4 аймгийн цэргийг захирах дарга нар харьяат цэргүүдэд цалин хүнс хүрэлцэхгүй гачигдахын туйлд хүрч, тэднийг захирч үл чадахад хүрсэн зэрэг олон зовлон бэрхшээл тоочиж, цэргүүдэд нэн даруй цалин хүнс гүйцээн олгохыг гуйж байжээ. Монгол, Оросын хооронд 1915 оны наймдугаар сарын 10-нд байгуулагдсан Монгол цэргийг сургах тухай гэрээнд Монголын талаас Гадаад яамны сайд Цэрэндорж, Цэргийн яамны сайд Доржпалам, Сангийн яамны сайд Лувсанбалдан, Оросын талаас Монгол дахь Генеральный консул Миллер нар гарын үсэг зуржээ. Энэ гэрээний дагуу нэг жилийн хугацаанд 200 хуучин цэргийг 2 сар, 800 шинэ цэргийг 6 сарын хугацаатай сурган бэлтгэжээ.
1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараа хүү Д.Пунцагцэрэнжалбуугийн хамт Дундад Иргэн Улс руу дахин дүрвэн гараад буцаж ирэлгүй насан өөд болсон ажээ.
Барон Унгерн Нийслэл Хүрээг хятад цэргээс чөлөөлөх үед Сүжигт ван Доржпалам Хүрээнд байсан бөгөөд үүний дараахан Хүрээний Эрдэнэ шанзудба Дашжав зарим лам ноёдыг урьж цуглуулан газар орноо хэрхэн тохинуулах тухай ярилцахад Доржпалам оролцсон байна. Гэвч удалгүй цагийн байдал өөрчлөгдөн Ардын засаг тогтнох янзтай болоход тэрээр Хүрээнээс гарч хошуу нутагтаа даруй буцсан байна. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа “Монгол Ардын засгийн газраас улс гэрийг засах чухал цаг тохиолдсон учир харъяат олон аймаг хошуунаас хэрэг өнгөрүүлсэн чадвартай засаг ба засаг бус хан ван, бэйл бэйс, гүн түшмэд нарыг зарлан хуралдуулж, засагт холбогдох чухал хэргийг хянан хэлэлцэх”-ээр Нийслэл Хүрээнд дуудсан байна. Ингээд Ардын засгийн газраас Илдэн жүн ван Доржпаламыг хөвгүүн бэйс Пунцагцэрэнжалбуугийн хамт Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, долоон сарын 20-ны дотор Нийслэл Хүрээнд ирэхийг тушаажээ. Гэтэл ван Доржпалам бие өвчтэй хэмээн хэд хоног саатсаны дараа мөн оны долдугаар сарын 22-нд хатан Дуламжав, хөвгүүн Пунцагцэрэнжалбуу, бэр Чимэд нар болон орлон хөөгч Цэндсүрэн, зургадугаар зэрэг түшмэл Цэдэн-Иш нарын 13 хүнийг дагуулан, 7 тэргэнд сав хэрэгслээ ачин ачлаганы морь 30-ыг авч Нийслэл Хүрээ орно гэж хэлээд зам бууруулж урд зүг рүү баргын нутаг руу явжээ.
Ван Доржпалам долдугаар сарын 25 (08.28)-нд Хайлаар хотноо хүрэлцэн очиход Хятадын албаны хүмүүс ихэд найрсгаар тосч уулзан буудалд буулгасан байна. Үүнээс үзэхэд тэрээр, Хятад улсад дүрвэн гарах бэлтгэлийг сайтар зохион байгуулсан байжээ. Тэндээ хэд хоносны дараа гүн Цэндийн (Монгол улсын Дотоод яамны дэд сайд байсан Бодлогот баатар Цэнд) хамт галт тэргээр Мүгдэн орж, тэндээсээ мөн галт тэргээр явж, наймдугаар сарын 26 (09.27)-нд Бээжинд хүрэлцэн очжээ. Улмаар есдүгээр сарын шинийн 7-нд Хятадын Ерөнхийлөгчид бараалахсан бөгөөд мөн Манжийн хаан байсан Пү и-тэй уулзсан байна. Ингээд Доржпалам гэр бүл болон дагалдагсдынхаа хамт Бээжин хотын Жанжаа хутагтын сүмд сууж байжээ. Харин Доржпаламыг дагалдаж явсан хүмүүсээс хар Даваа, Адъяа нар сэм оргон гарч, нэгэн Өвөр Монгол ламтай хамт Долон нуураар дамжин 1922 оны зургадугаар сарын 10-нд нутагтаа ирсэн байна. Ийнхүү Монгол улсын Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан нэгэн ноён цаг төрийн эрхээр “улсаас урван” Хятад улсад дүрвэн гарсан байна. Тэрээр гадаадад оргон гарсан гол шалтгаан нь нэгд, өөрөө өмнө нь Хятадад оргон гарч байснаас гадна 1919 оноос Хүрээнд байсан Хятадын цэргийн эрхтэнүүдтэй ойр харилцаж байсан, хоёрт, хүү Панцагцэрэнжалбуу нь хувьсгалчдын үйл ажиллагааны тухай хятадуудад мэдээлж байснаас гадна хувьсгалчдын нэг Д.Лосолын эхнэрийг Богдын нэрийг барьж хүчээр салган суусанд оршино. Ийм учраас Доржпалам Ардын засгийн газрын дуудсанаар Нийслэл Хүрээнд очих аваас хэрэгтэн болж ял хүлээнэ хэмээн айн болгоомжилж, хил даван оргосон байна.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.