Мануэль Рохас

Мануэль Рохас

Мануэль Акунья Рохас (испани. Manuel Acuña Roxas, 1892 оны 1-р сарын 1-нд Филиппины Капис хотод төрсөн- 1948 оны 4-р сарын 15-нд Филлипин дахь АНУ-ын Нисэх хүчний Кларк баазад нас барсан)- филиппиний төрийн зүтгэлтэн, АНУ-аас тусгаар тогтносон Филиппин улсын анхны Ерөнхийлөгч (1946—1948) байсан хүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1913 онд тэрээр Филиппиний их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, тухайн үеийн Дээд шүүхийн ерөнхийлөгч Кайетано Арреланогийн хувийн нарийн бичгийн дарга болжээ. 1915-1916 онд тэрээр хууль зүйн ухааны профессор болсон.

1917 онд тэрээр өөрийн төрөлх Капис хотын захиргааны гишүүн болж улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1919 оноос тэрээр «Nacionalista» улс төрийн намын баруун жигүүрийн удирдагч болсон. 1919-1921 он - Капис мужийн захирагч хийжээ.

1921 онд тэрээр Филиппиний Төлөөлөгчдийн танхимд амжилттай өрсөлдөж, 1922-1934 онд Капис мужийн нэгдүгээр тойргийг төлөөлж байжээ. 1922 оноос тэрээр мөн Төрийн зөвлөлийн гишүүн байв. Филиппин дахь Америкийн амбан захирагч Л.Вуд 1924 онд Филиппиний Конгрессын хоёр танхимд хууль өргөн барьж, шийдвэр гаргахад М.Рохас Сенатын Ерөнхийлөгч М.Кезонтой хамт Төрийн зөвлөлөөс гарчээ.

1933, 1934 онд С.Осменьятай хамтран Филиппин улсыг АНУ-аас тусгаар тогтнох тухай хэлэлцээрийг АНУ-д хийжээ. Эдгээр хэлэлцээний үр дүнд 1934 оны Тусгаар тогтнолын тухай хууль гарсан бөгөөд энэ нь Филиппин 10 жилийн шилжилтийн хугацааны дараа бүрэн тусгаар тогтнох боломжийг олгосон юм. Энэ хуулийн талаар М.Кезон, М.Рохас хоёрын зөрчилдөөний үр дүнд «Nacionalista» намыг татан буулгасан ажээ.

1935-1938 онд Филиппиний хууль тогтоох ассамблейн гишүүн байв. 1938-1941 онд - Сангийн сайд. Дараа нь тэрээр гүйцэтгэх нарийн бичгийн дарга байсан бөгөөд Ерөнхийлөгч М.Кезон болон АНУ-ын армийн Агаарын цэргийн хүчний хоорондын харилцааг хариуцаж байжээ.

1941 онд Япон Филиппинийг эзлэн авсны дараа тэрээр ерөнхийлөгч Х.Лаурэлийн Японыг дэмжигч Засгийн газрыг дэмжиж байсан тул дайны дараа түүнийг Японы засгийн газартай хамтран ажиллаж, эвссэн хэмээн буруутгаж байсан юм. Дуглас Макартур өмгөөлсний дараа уг ялыг няцаасан байна.

Дайны төгсгөлд М.Рохас Сенатын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 1946 оны 5-р сарын 28-нд Хамтын нөхөрлөлийн сүүлчийн ерөнхийлөгчөөр тангараг өргөв.

1946 оны долдугаар сарын 4-нд Филиппин улс АНУ-аас бүрэн тусгаар тогтнолоо олж авснаар М.Рохас Бүгд Найрамдах Филиппин Улсын анхны ерөнхийлөгч болжээ. Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дайны үеэр тус улсад учирсан материаллаг хохирлыг арилгахыг дэмжиж, үүний төлөө, ялангуяа Америкийн эдийн засгийн тусламжийг хүсчээ. Үүний зэрэгцээ тэрээр АНУ-тай 99 жилийн худалдаа, цэргийн харилцааны Гэрээ байгуулсан.

Тэрээр 1948 оны 4-р сарын 15-нд зүрхний шигдээсээр нас барахад Манила хотын Умард оршуулгын газарт оршуулжээ.