Jump to content

Маракана цэнгэлдэх хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Маракана цэнгэлдэх, 2022 он

Маракана цэнгэлдэх хүрээлэн (порт. Estádio do Maracanã; албан ёсны нэр — «Жорналиста Мариу Филью» (порт. Estádio Jornalista Mário Filho) —Бразилын хамгийн том багтаамжтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн. Өмнө Дэлхийн хамгийн их багтаамжтай цэнгэлдэх байсан. Рио-де-Жанейро хотод оршдог.

"Фламенго", "Флуминенсе" клубууд, мөн бүх үеийн Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гэрийн цэнгэлдэх хүрээлэн юм.

Маракана цэнгэлдэхийн таних тэмдэг.

Түүнчлэн, өмнө нь Маракана цэнгэлдэхэд "Жэрал" гэж нэрлэгддэг, хаалганы ард зогсож үздэг хэсэг байсан (энэ нь 200 мянга хүртэлх үзэгчийг багтаах боломжтой болгож байсан), хамгийн ядуу хөгжөөн дэмжигчид байрладаг, тасалбарын үнэ бэлгэдлийн шинж чанартай 1 доллар байсан бөгөөд энэ нь бараг бүх хүн дуртай багийнхаа тоглолтыг үзэх боломжийг олгодог байжээ. "Жэрал" нь Маракана дахь хамгийн ардчилсан газар гэж тооцогддог байсан бөгөөд Бразилын хөлбөмбөгийн соёлын нэг хэсэг болж хувирсан юм. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сэргээн босголтын үеэр FIFA-гаас цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн дугаарласан суудал байх ёстой гэсэн шаардлагын дагуу "Жэрал"-ыг үгүй болгосон түүхтэй.

Цэнгэлдэх хүрээлэн нь 296 бие засах газар, 17 цахилгаан шат, 12 цахилгаан явган шат, 60 кафетай. Талбай, индэр дээр болж буй үйл явдлыг 396 гэрэлтүүлгээр гэрэлтүүлж, 360 видео камер бүртгэж авдаг. Сүүлийн эгнээнээс тус бүр нь 100 м2 талбайтай дөрвөн электрон дэлгэц дээр тоглогчдын ойрын дүрсийг харж болно.

Цэнгэлдэхийн ойролцоох жижиг голын нэрээр Маракана цэнгэлдэх хүрээлэнг барих ажил 1950 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн хүрээнд 1948 онд эхэлсэн. Гэвч 1965 он хүртэл бүрэн дуусаагүй бөгөөд сүүлд Бразилийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн болжээ.

Албан ёсны нэр болох "Мариу Фильо" нь төслийг амьдралд хэрэгжүүлсэн Бразилын сэтгүүлчийг хүндэтгэн нэрлэжээ. Албан ёсны нээлт нь 1950 оны 6-р сард болсон бөгөөд Рио-де-Жанейро, Сан Пауло багуудын тоглолт энд болж, анхны гоолыг алдарт Диди буюу Валдир Перейра оруулсан юм.

Сэргээн босголтын дараа Маракана цэнгэлдэх Өмнөд Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн гэсэн алдраа алдаж, дэлхийн хамгийн том 50 цэнгэлдэх хүрээлэнд ч багтаагүй юм. 2014 оны байдлаар Мараканагийн багтаамж 78,838 үзэгчтэй байсан бол ДАШТ-д зориулж ФИФА-гийн шаардлагаар 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол талбайн суудлын тоог 73,531 болгон бууруулсан. Мөн цэнгэлдэх хүрээлэн шинэ хуванцар дээвэртэй болсон нь үзэгчдийн суудлыг бараг бүгдийг нар борооноос хамгаалах боломжтой болсон. 2014 оны ДАШТ-д зориулан Маракана цэнгэлдэхийг сэргээн засварлах ажлыг FIFA-гийн шаардлагын дагуу хийж, 480 сая ам.доллар зарцуулсан байна.

Маракана цэнгэлдэх хүрээлэнд 2016 оны зуны Олимп, паралимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулсан. Цэнгэлдэх хүрээлэнд мөн Олимпын хөлбөмбөгийн тэмцээний тоглолтууд болсон юм.