Маргарет Митчелл

Маргарет Манерлин Митчелл (англи. Margaret Munnerlyn Mitchell; 1900 оны 11-р сарын 8-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төрсөн — 1949 оны 8-р сарын 16-нд Атланта хотод нас барсан) — Америкийн зохиолч бөгөөд сэтгүүлч, "Салхинд туугдагсад" романы зохиолч.
1936 онд хэвлэгдсэн "Салхинд туугдагсад" роман нь 1936 оны шилдэг романы төрөлд АНУ-ын Үндэсний номын шагнал, 1937 онд уран зохиолын төрөлд Пулитцерын шагнал хүртэж, АНУ-д 70 гаруй удаа дахин хэвлэгдэж, 37 хэл рүү орчуулагдсан юм. Виктор Флеминг найруулсан, 1939 онд гарсан ижил нэртэй кино нь 8 Оскарын шагнал хүртсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Маргарет Митчелл 1900 оны 11-р сарын 8-нд Жоржиа мужийн Атланта хотод хуульч өмгөөлөгч Южин Митчелл болон эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө тэмцэгч Мариа Изабелла (ихэвчлэн Мэй Белл гэгддэг)-ийн гэр бүлд төрсөн. Тэрээр 1894 онд нярайдаа нас барсан Рассел Стефенс Митчелл, 1896 онд төрсөн Александр Стефенс Митчелл гэсэн хоёр ахтай байв. Тэдний эцэг ирланд, эх нь франц гаралтай байжээ.
Митчеллийн гэр бүлийн эцгийн удам нь Шотландын Абердинширийн уугуул иргэн Томас Митчелл бөгөөд тэрээр 1777 онд Жоржиа мужийн Уилкс тойрогт суурьшиж, Америкийн хувьсгалт дайнд тулалдсан оролцогч байжээ.
Ирээдүйн зохиолч эмэгтэй Вашингтоны семинарт боловсролоо эхлүүлж, 1918 онд Массачусетс мужийн нэр хүндтэй эмэгтэйчүүдийн Смит коллежид элссэн оржээ.
1918 оны Испанийн томуугийн цар тахлын үеэр эх нь нас барсны дараа тэрээр гэр бүлээ асархаар Атланта руу буцаж ирсэн. Тэр жилдээ Маргаретын амьдралд бас нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон: түүний сүйт залуу дэслэгч Хенри Францад нас барж, жил бүр түүний нас барсны ойгоор тэр эхэд нь цэцэг илгээдэг байжээ.
1922 онд Митчелл Пегги (түүний ахлах сургуулийн хоч) нууц нэрээр "Атланта Журнал" сонинд орж, эцэст нь түүний гол сурвалжлагч болжээ.
Тэр жилдээ тэрээр Берриен Киннард Апшоутай гэрлэсэн боловч хэдхэн сарын дараа тэд салсан.
1925 онд тэрээр даатгалын худалдаачин Жон Марштай гэрлэжээ. 1926 онд шагайндаа гэмтэл авсны улмаас тэрээр сурвалжлага хийх боломжгүй болсон байна.
Нөхрийнхөө өгсөн урам зоригоор Маргарет романыхаа ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь 10 жил үргэлжилсэн ажээ. Тэрээр хэсэг хэсгээр нь бичиж, дараа нь нэгтгэдэг байсан гэдэг.
Томоохон хэвлэлийн газрын редактор Атлантад ирээд, түүний их хэмжээний гар бичмэлийн (мянга гаруй хэвлэмэл хуудас) талаар мэджээ. Митчелл номыг хэвлүүлэхийг тэр даруй зөвшөөрөөгүй (өмнөх гарчиг нь "Маргааш бол өөр өдөр" байсан). Дараагийн жилийн хугацаанд Митчелл түүхэн дэлгэрэнгүй мэдээлэл, огноонд онцгой анхаарал хандуулж, текстийг нямбайлан засварласан. Гарчгийг "Салхинд туугдагсад" болгон өөрчилсөн (Эрнест Доусоны "Non Sum Qualis Eram Bonae Sub Regno Cynarae" шүлгийн мөр юм). Ном 1936 оны 6-р сард хэвлэгдсэн бөгөөд Митчелл өөрөө идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн томоохон сурталчилгааны кампанит ажил өмнө нь их тустай байжээ.
1949 оны 8-р сарын 11-ний үдэш Митчелл нөхөртэйгээ хамт кино үзэхээр явж байтал машинд дайруулж, таван өдрийн дараа ухаан орж чадалгүй нас баржээ.