Мариа Мачадо

Мариа Корина Мачадо Париска (испани. María Corina Machado Parisca, 1967 оны 10-р сарын 7-нд Каракас хотод төрсөн) нь Венесуэлийн улс төрч, нийгмийн зүтгэлтэн, буяны үйлстэн бөгөөд Венесуэлийн Үндэсний Ассамблейн гишүүн (2011–2014). Тэрээр сөрөг хүчний зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний идэвхтэн, Николас Мадурогийн засгийн газрын эсэргүүцэгч юм. Тэрээр 2025 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.
Мариа Корина Мачадо 1967 оны 10-р сарын 7-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод төрсөн. Түүний эцэг Энрике Мачадо Зулоага нь "Сивенса" компанийн бизнес эрхлэгч байсан бол эх Корина Париска Перез нь сэтгэл зүйч байжээ. Дөрвөн охины ууган нь Мария католик шашин шүтэж өссөн байна. Тэрээр Венесуэлд хувийн сургуульд, дараа нь АНУ-д дотуур байртай сургуульд сурч, Европоор хэд хэдэн удаа аялсан. Мачадогийн элэнц өвөө нь Венесуэлийн улс төрч, зохиолч Эдуардо Бланко байсан ажээ.
1992 онд Мачадо Каракас дахь гудамжны хүүхдүүдэд туслах буяны байгууллага болох Атенеа санг байгуулжээ. Тэрээр автомашины салбарт ажиллаж байжээ.
2001 онд тэрээр Венесуэлийн сонгуулийг хянадаг байсан Сумате байгууллагыг хамтран үүсгэн байгуулжээ. Тэрээр Ерөнхийлөгч Уго Чавесийг шүүмжилж, түүнийг огцрохыг шаардаж байсан.
АНу-д Йелийн их сургуульд суралцсаныхаа дараа тэрээр 2010 онд Үндэсний Ассемблейд дээд амжилт тогтоож, 2011 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа зарлаж байсан.
2023 онд тэрээр сөрөг хүчний нэр дэвшигчийн хувиар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өөр нэг кампанит ажил эхлүүлснээ зарласан. Гэсэн хэдий ч 2023 оны 6-р сарын 30-нд түүнийг олон нийтийн өмнө үймээн самуун дэгдээхийг уриалж, Венесуэлийн олон улсын эдийн засгийн хоригийг дэмжиж байгаа хэмээн буруутгаж, дараагийн 15 жилийн хугацаанд нэр дэвших эрхийг нь хассан байна.
Мариа Мачадод 2025 онд Нобелийн энхтайвны шагналыг "Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг урагшлуулахын төлөөх цуцашгүй хөдөлмөр, дарангуйллаас ардчилал руу шударга, энх тайван шилжилтийг бий болгохын төлөөх тэмцлийнх нь төлөө" олгосон байна.