Марко Поло гүүр

Марко Поло гүүр — Хятад улсын Бээжин хотын төвөөс өрнө өмнө зүгт 15 км орчимд, Фэнтай дүүрэгт байрлах боржин чулуун гүүр юм. Бээжингээр дайран урсдаг хамгийн том гол болох Юндин гол дээр байрлана. Гүүрийн урт 266.3 м, өргөн нь 9.3 м байна. 10 тулгуур багана, 11 нум бүхий хэсэгтэй. Өөр өөр үед нэмж хийгдсэн, өөр өөр байрлалтай чулуун арслангуудаар эргэн тойрныг нь чимэглэжээ. Нийт амьтны дүрс 500 гаруй байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Энд анх 1189 онд Алтан улсын Улу хааны зарлигаар гүүр барихаар болсон ба 1192 онд ашиглалтанд оржээ. 13-р зуунд Юань улсад зочилсон Венецийн аялагч Марко Поло гүүрийг шагшин магтаж бичсэн байдаг. Хятадын барилга байгууламжийн инженер Мао Ишэн мөн адил магтаж "Хятад дахь хамгийн эртний гүүр нь Жаожоу гүүр, хамгийн сүрлэг нь энэхүү Лүгоу гүүр, хамгийн тансаг нь Таван асарт гүүр гэж тэмдэглэжээ.
Үерт сүйдсэн гүүрийг 1698 онд Чин улсын Энх Амгалан хааны зарилгаар сэргээн засварласан нь өнөө цагт хүрч иржээ.
Гүүрийн зүүн урд талд Ваньпин цайз байрладаг. 1937 онд энд Хятад-Японы хоёрдугаар дайн эхэлсэн Марко Поло гүүрийн хэрэг хэмээх байлдаан энд болж байв.
БНХАУ байгуулагдсаны дараа 1949 онд гүүрийг асфальтан хучлагатай болгож авто тээврийн зам болгосон ба дараа нь гүүрийн түүх, соёлын ач холбогдлын бодолцон шинэ асфальтан гүүр хажууд нь барьж 1986 онд гүүр дээгүүрх тээврийн хөдөлгөөнийг хааж, асфальтыг хуулж, унаган төрхөд нь буцаан оруулжээ.