Jump to content

Маркус Вольф

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Маркус Вольф /1923-2006/

Макус Иоханнес Вольф (Герман: Markus Johannes Wolf; 1923 оны нэгдүгээр сарын 19-нд Хехинген хотод төрсөн, 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Берлин хотод нас барсан) - 1958-1986 онуудад Бүгд Найрамдах Ардчилсан Герман Ард улсын (БНАГАУ) Аюулаас хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга. Улсын аюулаас хамгаалахын хурандаа генерал цолтой хүн.

Маркус Вольф нь эмч, германы зохиолч, улс төрийн зүтгэлтэн Фридрих Вольф болон түүний эхнэр Эльза Драйбхольц нарын гэр бүлд төржээ. Аав нь шашин шүтлэгтэй еврей гэр бүлээс гаралтай, коммунист хүн байсан. Маркусын дүү нь БНАГАУ-ын Урлагийн академийн ерөнхийлөгч, кино найруулагч Конрад Вольф юм. 1933 онд Үндэсний социалист /фашист/ нам германы Засгийн эрхэнд гарсны дараа гэр бүлээрээ Швейцараар дамжин Франц руу, дараа нь 1934 онд ЗХУ-д цагаачилжээ.

Москвад Маркус Вольф Карл Либкнехтийн нэрэмжит Герман дунд сургуульд сурч байжээ. Сургууль хаагдсаны дараа Москвагийн Краснопресненскийн дүүргийн 110-р сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. 1940 онд Москвагийн нисэхийн дээд сургуульд элсэн орсон. 1942 онд тэрээр Германы Коммунист намын гишүүн болж, түүний удирдлагын заавраар дээд сургуулиа орхиж, Уфа хотын ойролцоох Кушнаренково дахь Коминтернийн сургуульд илгээж, гадаадад нууц ажил явуулах сургуульд сурчээ.

Гэсэн хэдий ч 1943 оны 5-р сард Коминтерн татан буугдаж сургууль хаагдсан байна. Энэ үед Германы Коммунист намын удирдлага Маркус Вольфыг Москвад дуудаж, "Чөлөөт Герман"-ы хорооны радио станцад хөтлөгч, редактор, тайлбарлагчаар ажиллуулж байжээ. 1944 онд тэрээр Германы коммунист Франц Штенцерийн охин Эмми Штенцертэй танилцаж гэрлэсэн байна. 1945 оны есдүгээр сард Берлиний радиогийн сурвалжлагч түүнийг дайны гол гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлыг сурвалжлуулахаар Нюрнберг рүү илгээж байсан.

1949 оны 10-р сард БНАГАУ байгуулагдаж Маркус Вольф Москва дахь БНАГАУ-ын дипломат төлөөлөгчийн газарт ЭСЯ-ны зөвлөхөөр ажилласан.

1951 оны 8 дугаар сард түүнийг зүүн германы улс төрч Антон Акерманн Берлинд дуудаж улс төрийн тагнуулын албыг тэргүүлэхийг санал болгосон байна. Маркус Вольф 1951 оны 8 дугаар сарын 16-нд байгуулагдсан өнгөлөн далдлах зорилгоор Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн халхавч дор байрлах Гадаад тагнуулын байгууллагад ажиллах болжээ.

1952 оны арванхоёрдугаар сард Маркус Вольф Гадаад тагнуулын газрын даргаар томилогдсон. Эхэндээ тагнуулын ажилтан, нууц ажилтнуудын орон тоо маш цөөхөн байсан гэж Вольф дурссан байдаг. 1953 оны сүүлээр 12 нууц ажилтнууд гадаадад ажиллаж байсан бөгөөд гучаас дөчин хүн нэмж орохоор бэлтгэж байв. Тагнуулын ажилд онцгой хүндрэлтэй зүйл бол гадаадын олон улс орнууд БНАГАУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хууль ёсны төлөөлөгч ажиллах боломжтой Элчин сайдын яам байхгүйгээс зөвхөн нууц тагнуулын аргыг ашиглах шаардлагатай болсон онцлогтой байжээ.

1960-аад онд БНАГАУ-ын гадаад тагнуулын алба ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооныхонтой /КГБ/ нягт хамтран ажиллаж, Ази, Африкийн орнуудад хувьсгалт хөдөлгөөнийг "экспортлох" ажлыг хийж байжээ. 1986 он гэхэд ЭСЯ-ны албан ёсны ажилтнууд, туслах агентуудыг тооцохгүйгээр БНАГАУ-ын гадаад тагнуулын албанд нэг мянга таван зуу орчим нууц агентууд ажиллаж байжээ. Тэдний олонх нь нэлээд өндөр албан тушаал хашиж байсан: жишээлбэл, Гюнтер Гийом ХБНГУ-ын Канцлер Вилли Брандтын туслахаар ажиллаж байсан түүхтэй.

1986 онд тэтгэвэртээ суусан. 1989 оны 3 дугаар сард тэрээр "Тройка-бүтээгдээгүй киноны түүх" номын танилцуулга дээр анх олны өмнө ил гарч ирсэн. Берлиний хана нурснаар тэрээр ЗСБНХУ-д цагаачилж, Оросын 8 дугаар сарын төрийн эргэлтийн дараа Австриас улс төрийн орогнол хүссэн боловч эцэст нь 1991 оны 9 дүгээр сард эх нутаг Герман руу буцаж ирэхээр шийдэж, баривчлагдаж, 11 хоног хориод дараа нь түүнийг батлан ​​даалтад гаргасан байна. Домог болсон Маркус Вольфийн өөрийнх нь хэлснээр байцаалтын үеэр тэрээр БНАГАУ-ын гадаад тагнуулын ажилтнуудаас хэнийг ч нэрлээгүй байна.

Тэрээр 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Берлинд нас баржээ. Түүнийг ахынх нь дэргэд Фридрихсфельдегийн төв оршуулгын газарт оршуулжээ.

 Commons: Маркус Вольф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан