Марк Шагал

Марк Шага́л (орос. Марк Заха́рович (Моисе́й Ха́цкелевич) Шага́л, франц. Marc Chagall, идиш מאַרק שאַגאַל; 7-р сарын 6-нд Оросын хаант улсын Витебск мужийн Лёзна тосгонд төрсөн— 1985 оны 3-р сарын 28-нд Францын Прованс нутгийн Сен-Поль-де-Ванс коммунд нас барсан) — еврей гаралтай оросын болон францын зураач. Юдель Пен, дараа нь Санкт-Петербургт Николай Рерих, Леон Бакст нараас суралцаж байсан, 1911-1913 онд Парист амьдарч байжээ.

Оросын 1917 оны большевикуудын Октябрын хувьсгалын дараа тэрээр багшилж, Витебск хотын музей, Витебскийн урлагийн сургуулийг байгуулжээ. 1922 онд Зөвлөлт улсаас цагаачилж гэр бүлийнхээ хамт Литва руу (түүний үзэсгэлэн Каунас хотод болсон), тэндээсээ Герман руу явав. 1923 оны намар Амброуз Воллардын урилгаар Шагалын гэр бүл Парис руу нүүжээ. 1937 онд Шагал Францын иргэн болсон байна.
Тэрээр уран зураг, графикаас гадна сценограф, монументал, гоёл чимэглэлийн урлагт чадлаа үзэж байжээ. Тэрээр 1964 онд Парисын Гарнье дуурь (франц. Opéra Garnier)-ийн бүрхүүлт гэрэл, 1966 онд Нью-Йорк хотын Метрополитан дуурийн (англи. Metropolitan Opera) ханын зураг зэргийн зохиогч юм. Тэрээр мөн идиш хэлээр шүлэг бичсэн бөгөөд "Миний амьдрал" дурсамжийн зохиолч юм. 20-р зууны уран сайхны авангардуудын хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг. Шагалын бүтээлд Витебск хотод өнгөрсөн түүний бага, залуу настай холбоотой уламжлалт еврей сэдвүүд хамгийн тод харагдаж байдаг. Зураачийн амьдралынх нь туршид онгод нь болж байсан хүн бол түүний эхнэр Белла Шагал (1895-1944) байсан гэдэг юм.
Сонгодог бүтээлүүд нь:
[засварлах | кодоор засварлах]- «Саарал байшин» /The Grey House/, 1917 он. Хэмжээ 68 × 74 см, тосон будаг. Мадрид дахь Тиссен-Борнемиса музей;
- «Хот дээгүүр», 1918 он. Москва, Третьяковын улсын музей;
- «Цагаан цовдлолт» /White Crucifixion/, 1938 он. Хэмжээ 154,3 × 139,7 см, Чикаго дахь Урлагийн хүрээлэн.