Jump to content

Масуд Пезешкиан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Масуд Пезешкиан (перс. مسعود پزشکیان‎, 1954 оны 9-р сарын 29-нд Ираны Баруун Азербайжан мужийн Махабад хотод төрсөн) - Ираны улс төрч, төрийн зүтгэлтэн. Зүрхний мэс засалч мэргэжилтэй. 2024 оны 7-р сарын 28-наас хойш Исламын Бүгд Найрамдах Иран Улсын 9 дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Пезешкиан Ираны парламентад Табриз, Оску, Азаршахр тойргуудыг төлөөлж байсан. Тэрээр 2016-2020 онд Парламентын нэгдүгээр орлогч даргаар, 2001-2005 онд Мохаммад Хатамийн засгийн газарт Эрүүл мэнд, анагаах ухааны боловсролын сайдаар ажиллаж байжээ.

Масуд Пезешкиан 1954 оны 9-р сарын 29-нд Ираны Баруун Азербайжан мужийн курдүүд голчлон амьдардаг Махабад хотод төрсөн. Тэрээр өөрийгөө турк (Азербайжан: Türk, Турк: Türk) гэж тодорхойлдог. Перс, азербайжан хэлээс гадна уугуул хүний түвшинд курд хэлээр ярьдаг. 1973 онд дипломоо авч, армид алба хаахаар Забол хот руу явжээ. Энэ үеэр тэр анагаах ухаанд сонирхолтой болсон. Армид албаа хааж дуусаад төрөлх муж руугаа буцаж ирээд анагаах ухааны сургуульд элсэн орж, ерөнхий анагаах ухааны зэрэг хамгаалжээ. Иран-Иракийн дайны (1980-1988) үеэр Пезешкиан ихэвчлэн фронтын тэргүүн шугамд ажиллаж, эмнэлгийн багуудыг илгээх үүрэгтэй эмчээр ажиллаж байжээ. Масуд Пезешкиан 1985 онд ерөнхий эмчийн сургалтаа дуусгаад анагаах ухааны коллежид физиологийн хичээл зааж эхэлсэн.

Масуд Пезешкианы улс төрийн замнал 1997 онд Мохаммад Хатамийн засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажилласнаар эхэлсэн юм. Дөрвөн жилийн дараа буюу 2001-2005 онуудад тэрээр Эрүүл мэндийн сайдаар томилогдож ажилласан. Түүнээс хойш тэрээр Ираны парламентад таван удаа сонгогдож, 2016-2020 онуудад Парламентын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байжээ.

Ерөнхийлөгчийн хувиар анхны хэвлэлийн бага хурлаараа Масуд Пезешкиан Ираны ёс суртахууны цагдаа нар заавал өмсөх ёстой хижабын асуудлаар эмэгтэйчүүдийг цаашид "дарамтлахгүй" гэж амласан. Мөн Ираны цөмийн хэлэлцээрээр дамжуулан тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татахаа амласан. Гэсэн хэдий ч 2025 онд Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, Ираны эсрэг "хамгийн их дарамт шахалт"-ын бодлого зарлаж, шинэ хориг арга хэмжээ авсан нь тус улсын эдийн засгийн байдлыг улам дордуулсан.