Маттео Риччи

Маттео Риччи (итали. Matteo Ricci, хятад нэр— Ли Ма-доу, 利瑪竇; 1552 оны 10-р сарын 6-нд Италийн Мачерата хотод төрсөн— 1610 оны 5-р сарын 11-нд Бээжинд нас барсан) — италийн иезуит номлогч, математикч, одон орон судлаач, газрын зураг зураач болон орчуулагч, хятад судлаач юм. Амьдралынхаа сүүлийн 13 жилийг Хятадад өнгөрөөж Бээжин хот дахь иезуит төлөөлөгчийн газар байгуулах эхлэлийг тавьсан хүн. Түүний үйл ажиллагааны дэлхийн түүхэн ач холбогдол нь Христийн шашинтай Европ болон Хятадын хаалттай нийгэм хоорондын соёлын байнгын холбоо тогтоосон явдалд оршдог байна.

Маттео Риччи 1582 оны 8-р сард Португалийн Макао сууринд ирж, Хятадад номлогчийн ажлаа эхлүүлсэн байна. Тэрээр хятад хэл, бичгийн системийг сурч эзэмшсэн юм. Тэрээр Мин улсын эзэн хаан Ваньли хааны урилгаар 1601 онд Бээжин дахь хааны Хориотой хотод орж үзсэн анхны Европ хүн болж, ордныхонд одон орон судлал, хуанлийн шинжлэх ухаан, газар зүйн зураг зэргийг тайлбарлаж өгч байжээ. Тэрээр католик шашин ба Күнзийн сургаал хооронд ижил төстэй зүйл их байдгийг онцолсон боловч Буддизмыг эсэргүүцдэг байв. Тэрээр Хятадын хэдэн арван нэр хүндтэй албан тушаалтныг католик шашинд элсүүлэн оруулсан бөгөөд Сюй Гуанчи зэрэг хятад эрдэмтэдтэй хамтран Евклидийн “Элементүүд”-ийг хятад хэл рүү, мөн Күнзийн сонгодог зохиолуудыг түүхэнд анх удаа латин хэл рүү орчуулсан юм.

1583-1588 оны хооронд Маттео Риччи, Мишель Руггери нар Португали-Хятад толь бичгийг эмхэтгэсэн бөгөөд үүнд зориулж хятад үгсийг латинаар хөрвүүлэх системийг анх боловсруулжээ. Уг гар бичмэл Ром дахь иезуитийн архиваас алдагдсан бөгөөд сүүлд 1934 онд олдсон байна. Толь бичгийг 2001 онд Португалд дахин хэвлүүлжээ.