Jump to content

Махмуд Аббас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Махмуд Аббас, 2024 он.

Махмуд Аббас (араб. محمود عباس‎, англи. Mahmoud Abbas, 1935 оны 11-р сарын 15-нд Британийн мандат дорх Палестины Сафед буюу Цфат хотод төрсөн) — Палестины улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2013 оны 1-р сарын 5-ны өдрөөс автономит Палестин Улсын тэргүүн. 2004 оноос Палестиныг чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны дарга.

Махмуд Рида Аббас Сафед хотод төрсөн. Тэрээр хүүхэд байхдаа 1947-1949 оны Араб-Израилын дайны үеэр тус хотыг Израилын зэвсэгт хүчинд эзлэгдсэний дараа гэр бүлийнхээ хамт Сири рүү дүрвэсэн юм.

Тэрээр Дамаскийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэж, ЗХУ-ын Москва хотын Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний найрамдлын их сургуулийн аспирантурт суралцаж түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Тэрээр 1958 он Амина Аббастай гэрэлсэн. Тэд Ясир, Тарик, Мазен гэсэн гурван хүүтэй байсан бөгөөд отгон хүү Мазен нь 2002 онд нас барсан ажээ.

Улс төрийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Махмуд Аббас Палестиныг чөлөөлөх байгууллагын (ПЧБ) цөм болсон "Палестины үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн" (Фатх) байгуулахад гар бие оролцсон. Зарим мэдээллээр тэрээр 1972 оны Мюнхений Олимп зэрэг хэд хэдэн террорист халдлагыг бэлтгэх, санхүүжүүлэхэд оролцсон бөгөөд палестинчуудын “цэргийн ажиллагаанд” шууд оролцсон гэж үздэг. Палестиныг чөлөөлөх байгууллагын аппаратад тэрээр Араб, олон улсын харилцааны хэлтсийг удирдаж байсан.

Дунд зэргийн прагматист гэдгээрээ алдартай М.Аббас 1970-аад оны эхээр Израилын зүүний үзэлтэй хүрээний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхийг санаачлагчдын нэг байсан гэдэг.

2003 оны 3-р сараас хойш Палестины бие даасан Засаг захиргааны Ерөнхий сайдын албыг хашсан байна.

2003 оны 5-р сарын 17, 29-нд Израилын Ерөнхий сайд Ариел Шарон Махмуд Аббас нар уулзаж яриа хэлэлцээ хийсэн.

2003 оны 5-р сарын 20-нд Махмуд Аббас АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай анхны яриа хэлэлцээ хийжээ.

Ясир Арафатыг нас барсны дараа Махмуд Аббас 2005 оны 1-р сард болсон сонгуульд 62,5% санал авч ялалт байгуулж, Палестины Үндэсний Засаг захиргааны тэргүүн болсон.

2008 оны 11-р сарын 23-нд Палестиныг чөлөөлөх байгууллагын Төв зөвлөл Махмуд Аббасыг "Палестин улсын Ерөнхийлөгч"-ээр дахин хугацаагаар сонгосон ажээ.

2013 оны 1-р сарын 6-нд тэрээр Палестины Үндэсний Засаг захиргааг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн "Палестин улс" болгон өөрчлөх зарлигт гарын үсэг зурж, төрийн бэлгэ тэмдэг, түүний дотор төрийн сүлд, тамга зэргийг өөрчилжээ. Мөн уг зарлигаар Палестины Үндэсний Засаг захиргааны тэргүүний албан тушаалыг Палестин улсын Ерөнхийлөгчийн албан тушаал болгож сольсон байна.