Jump to content

Мерага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мерага (мөн Мераге, Марага) - Ираны баруун хойд хэсэгт орших Зүүн Азербайжан мужид байдаг хот, Шахрестаны төв юм. Урмиа нуурт цутгадаг Сафи голын хөндийд Сэхэнд галт уулын (3707 м) өмнөд хэсэгт оршдог. 2006 оны байдлаар 150 мянган хүн амтай байсан. Монголын Ил Хаант улсыг үндэслэгч Хүлэгү хан энэ хот орчим 1265 оны 2-р сарын 8-нд өвчнөөр нас барсан гэдгээрээ алдартай.

Мерага бол эртний хот боловч яг хэзээ байгуулагдсаныг тогтоогоогүй байна. 7-р зуунд арабчууд байлдан дагуулж, хуучин перс нэрний оронд "морьтой бэлчээр" гэсэн утгатай Мерага гэж араб нэр өгчээ. 8-р зуунд Раввадидууд халифуудын шадар ван болж энэ хотыг захирч байжээ. 1038 онд Мерагаг Селжүкүүд эзлэсэн байна. 1107 онд рабби Ахмадил ибн Ибрахим Селжүкийн султан I Мухаммедын дайснуудын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлсний төлөө Мерагагийн захирагч болжээ.

1221 оны 3-р сарын 30-нд Монголын жанжин Сүбэдэй, Зэв нарын цэргүүд Мерага хотыг довтолж, шатаажээ. 1225 оны 5-р сард Мерага Желал ад-Динд тулалдалгүйгээр бууж өгчээ.

Хүлэгү ханы Ойрх Дорнодын аян дайн (1256-1260) болон шинэ Ил Хаант улс байгуулсны дараа Мерага хот хэсэг хугацаанд Хүлэгү ханы нийслэл хот байсан.