Jump to content

Миракулин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Миракулин нь амтыг өөрчилдөг бодис бөгөөд Synsepalum dulcificum ургамлын жимснээс ялган авдаг гликопротеин юм. Энэхүү жимсийг “гайхамшигт жимс” гэж нэрлэдэг ба 1725 онд Баруун Африкт хийсэн аяллынхаа үеэр олон төрлийн жимс судалж явсан аялагч Шевалье де Маршэ анх тэмдэглэн үлдээсэн байдаг. Миракулин өөрөө чихэрлэг амттай биш. Гэхдээ амны амтлах рецепторууд миракулинд өртөхөд уг уураг нь чихэрлэг амтыг хүлээн авах рецептортой холбогддог. Үүний улмаас ердийн үед исгэлэн амттай байдаг хүчиллэг хүнс (жишээлбэл, цитрус жимс) чихэрлэг мэт мэдрэгддэг. Энэ нөлөө нэгээс хоёр цаг хүртэл үргэлжилж болдог. Synsepalum dulcificum жимсний амт өөрчлөх шинж чанарыг 18-р зуунд Баруун Африкт хийсэн судалгааны аяллын үеэр де Маршэ анх ажигласан байна. “Миракулин” гэдэг нэр нь жимсэнд чихэрлэг амт төрүүлдэг идэвхтэй гликопротеиныг ялган авч цэвэршүүлэх туршилтуудаас үүссэн бөгөөд уг үр дүнг 1960-аад онд бие даан судалгаа хийж байсан Япон болон Нидерландын эрдэмтэд зэрэг шахам нийтэлсэн (Нидерландын баг уг гликопротеиныг mieraculin гэж нэрлэсэн). “Миракулин” гэдэг нэр 1970-аад оны дунд үеэс өргөн хэрэглэгдэх болсон. Миракулин нь өөр нэг амт өөрчлөгч бодис болох куркулин-ээс ялгаатай нь өөрөө чихэрлэг амтгүй боловч хэрэглэсний дараа удаан хугацаанд хүртэл исгэлэн амтыг чихэрлэг болгон мэдрүүлэх чадвартай.