Михаил Боярский
Михаил Боярский | |
---|---|
Төрсөн | 1949 оны 12 сарын 26 |
Ажил | жүжигчин, дуучин |
Михаил Боярский (орос. Михаил Сергеевич Боярский; 1949 оны 12-р сарын 26-нд Ленинград хотод төрсөн) нь Зөвлөлтийн болон Оросын театр, киноны жүжигчин бөгөөд эстрадын дуучин юм.
1988-2007 ондуудад Санкт-Петербург хотод өөрийн зохион байгуулсан «Бенефис» театрын уран сайханы удирдаачаар ажилласан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1949 оны 12-р сарын 26-нд ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод театрын жүжигчин Сергей Александрович Боярский (1916-1976), Екатерина Михайловна Мелентьева (1920-1992) нарын хүү болж төрсөн.
Консерваторийн дэргэдэх хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын ангид сурсан. Дунд сургуулиа төгсөөд Ленинградын Улсын Театр, хөгжим, кино урлагийн дээд сургуульд (Л. Ф. Макариевын курс) элсэн орж, 1972 онд төгсөөд Ленсовет театрын захирал Игорь Петрович Владимировын сонгон шалгаруулалтад орж, театрын жүжигчин болсон. Тэрээр театрын карьераа Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн "Гэм зэм" жүжгийн оюутны дүрд тоглож эхэлжээ.
Тэрээр 1975 онд "Айлын том хүү" (орос. Старший сын) уран сайхны кинонд Сильвагийн дүрд тоглосны дараа алдартай болсон. Зөвлөлт-Румын "Ээж" (1976) хөгжмийн үлгэрт Чонын дүр мөн мэдэгдэхүйц болсон байна. Жүжигчний шилдэг бүтээлүүдийн нэг бол Лопе де Вегагийн жүжгээс сэдэвлэсэн Ян Фридийн "Даварсан нохой" (орос. Собака на сене, 1977) мюзикл телевизийн кинонд тоглосон Теодоро-гийн дүр юм.
1978 онд Г.Юнгвальд-Хилькевичийн телевизийн «Д’Артаньян ба шадар гурван цэрэг» кинонд гол дүрийг бүтэээж оросын үзэгчид дунд их алдартай болсон юм.
2022 оны 2-р сард тэрээр Оросыг Украин руу довтлохыг дэмжсэн. 2022 оны 10-р сарын 19-нд тэрээр "түрэмгий дайн хийхийг олон нийтэд уриалсан, Украины эсрэг Оросын Холбооны Улсын зэвсэгт түрэмгийлэл, Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлснийг зөвтгөж, хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн" тул Украины хориг арга хэмжээний жагсаалтад орсон.